Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэлсэн /2019-06-18/. Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ жил 300 гаруй хүүхэд ЭЕШ-д орохоор бүртгүүлжээ. Сурагчид хувийн бэлтгэлээ сайн хангасан, одоогоор ямар нэг зөрчил гараагүй байна гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Л.Байгалмаа хэллээ.
Мөн тэрээр хэлэхдээ, аймгийн хэмжээнд ЭЕШ-д орох хүүхдүүдийн тоо хоёр дахин буурсан. Энэ жилийн шалгалтын гол онцлог нь сурагчдын шалгалтын анхны оноо шууд газар дээрээ гарч байгаа явдал юм. Анхны оноо гэдэг нь тухайн хүүхэд хэдэн онооны ажлаас хэдийг нь амжилттай хийсэн бэ гэдгээ мэдэх боломжтой гэсэн үг. Үүн дээр 24 цагийн дараа хэмжээст оноо нэмэгдээд, эцсийн байдлаар оноо үнэлгээний сайтад тавигдана. Ер нь манай салбарт хийж буй технологи мэдээллийн шинэчлэл олон талаар ач холбогдлоо өгч байна. Багш нарын ачаалал ч эрс багассан. Шалгуулагчдын хувьд дөрвөн төрлийн бичиг баримтаас өөр зүйл авч ирэх ёсгүй. Зориулалтын балын харандаа, баллуурыг цаанаасаа олгож байгаа. Шалгалтын мэдээллийг сурагчдад сайн өгсөн учир хүүхдүүд хувийн бэлтгэлээ маш сайн хангасан байна. Одоогоор ямар нэг зөрчил гараагүй, хэвийн үргэлжилж байна гэлээ.
ЭЕШ дөрөв хоног үргэлжлэх бөгөөд энэ сарын 24-нд сурагчдад батламжийг гардуулж, 25-нд ур чадварыг шалгалт явуулна. Улмаар 26-наас их, дээд сургуулийн хуваарь олголт эхлэх юм байна.