Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт нийслэлийн дүүргүүдэд ажиллаж буй. Уг ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Хан-Уул дүүргийн XIII хороо, Туул тосгонд ажиллав.
Бидний нэрлэж заншсанаар Шувуун фабрик орчмын иргэдэд тулгамдаж буй хамгийн том асуудал бол ойролцоо хайрга олборлодог 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг нь аюулгүй амьдрах орчинд нь сөргөөр нөлөөлж, орчны экологийн тэнцвэрийг алдагдуулж буй явдал.
Туул голын эрэг дагуу шил шилээ дагасан олон карьер ашигласнаар голын ус ширгэж, бургас цөөрч гол гольдрилоо өөрчилж, ойр орчимд малын бэлчээр үгүй болж, хадлангийн талбайгүй болсон төдийгүй ухсан нүхэнд мал унаж үхэж, хүн явахад хэцүү болсон, тоосжилт ихтэйгээс харшлын өвчтэй хүний тоо нэмэгдэж байна зэрэг олон санал гомдлыг тус хорооны иргэд уулзалтын үеэр сайдад уламжилсан.
Харин уг асуудалд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд карьеруудыг хааж, нөхөн сэргээх ажлыг ч карьерийн үйл ажиллагаа явуулсан аж ахуй нэгжүүдээр хийлгэхээ мэдэгдлээ.