Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд Монголын уул уурхайн салбарынхан “Уурхайчдын баяр”-аа тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэртээ 1922 оны энэ өдөр Ардын Засгийн газар Налайхын нүүрсний орд газрын ашиглалтыг улсын мэдэлд авах шийдвэр гаргаснаар Монгол улсад орчин үеийн уул уурхайн салбар үүсч хөгжихийн суурь тавигдсан түүхтэй.
Энэхүү ойн өдрийг угтсан “Уул уурхай-2016” эрдэм шинжилгээний бага хурал арван хоёрдугаар сарын 16-нд ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд боллоо.
Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Цогбаатар “Бидний явж ирсэн түүх, сургамж, ухаарал, ирээдүй” сэдэвт илтгэлээр Бага хурлын салхийг хагалсан юм.
Хэдийгээр салбарын хэмжээнд “Алт”, “Зэс”, Жонш”, “Уран”, “Газрын тос” зэрэг хөтөлбөр, холбогдох хууль тогтоомжууд гарч, уул уурхайн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг салбарын эрдэмтэд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд баталсан боловч хэрэгжилтийн явцад бодлогын томоохон алдаанууд гарсныг тэрээр хэд хэдэн жишээгээр ярилаа.
Үүний дараа Бага хурал “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад Налайхын нүүрсний уурхайн байгалийн хийг ашиглах боломж”, “Алтны үндсэн ордын хүдэр ба баяжмалыг боловсруулах гидрометаллургийн технологийн хөгжил”, “Уул уурхайн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй өнөөгийн байдал”, “Уул уурхайн салбар дахь лабораториудын үүрэг оролцоо” гэсэн сэдвүүдээр үргэлжилсэн.
“Уул уурхай-2016” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан С.Эрдэмбаярыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын сайдын тушаалаар “Тэргүүний уурхайчин” тэмдгээр шагнав.
“Уул уурхай-2016” эрдэм шинжилгээний бага хурлын дараа Монголын Үндэсний Телевизийн “Event Hall” танхимд нийт уурхайчдад зориулсан хүндэтгэлийн цэнгүүн болсон юм. Хүндэтгэлийн цэнгүүний үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шилдэг аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа. УУХҮ-ийн Сайдын 2016 оны А63 тоот тушаалаар “Тэргүүний хөрөнгө оруулагч”-аар орон нутгийн Тавантолгой ХК, “Шилдэг, шинэ технологи нэвтрүүлэгч”-ээр “Монполимет” групп, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэгч”-ээр “Оюутолгой” компани, “Тэргүүний нөхөн сэргээгч”-ээр “Уулс заамар” ХХК, “Шилдэг зураг төсөл боловсруулагч”-аар ”Эрдэнэс инженеринг” ХХК, “Шилдэг туслан гүйцэтгэгч”-ээр Уул уурхайн хүрээлэн тус тус шалгарч, шагналаа гардаж авсан юм.
Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын 2016 оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, Газрын тосны газар, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл хамтран зохион байгуулжээ.
Эх сурвалж: Mongolian Mining Journal