Нүүр хуудас Нийгэм ФОТО: Явган хүний гүүрэн гарц нээлтээ хийлээ

ФОТО: Явган хүний гүүрэн гарц нээлтээ хийлээ

381
0

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Баянзүрх дүүргийн 1, 4-р хорооны нутаг дэвсгэр Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойд талд зам хөндлөн гарах явган зорчигчдын гүүрэн гарцын ажлыг “ЗМЗ” ХХК хийж гүйцэтгэн, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцов.

“Улаанбаатар мегаполис хот болсоны хувьд иргэдийнхээ таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд тодорхой ажлуудыг хийж байгаа. Тэдгээрийн нэг нь өнөөдрийн энэ гүүрэн гарц гэж хэлэхэд болно. Улаанбаатар хотод жил ирэх тусам авто машины тоо нэмэгдсээр байгаа. Үүнийгээ дагаад замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байдаг. Тиймээс явган зорчигчин аюулгүй байдлыг хангах нь туйлийн чухал. Энэхүү гүүрэн гарц Баянзүрх дүүргийн хөдөлгөөний эрчим ихтэй томоохон гудамжинд байгуулагдсан. Түүнчлэн сургуулийн хүүхдүүд аваар осолд холбогдох магадлал ихтэй зам учир энд хийсэн. Архитектурын хувьд шинэ шийдэлтэй. Хотын өнгө үзэмжинд эергээр нөлөөлсөн, орчныхоо нөхцөл байдалтай уялдсан гүүрэн гарц болж байна. Цаашдаа гүүрэн гарцуудыг олноор хийнэ” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Тус гүүрийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан юм. Метал хийц бүхий энэхүү явган хүний гүүрэн гарц нь 3м өргөн, 33м урт, 5 метрийн өндөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 1,56м өргөн налуу замтай юм.

Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны УЗ-ийн гишүүн Б.Ганбаатар “Өмнө нь гүүрэн гарцууд цахилгаан шаттай байсан. Энэ нь дийлэнхдээ ажилдаггүй. Энэ гүүрэн гарц нь өөрөө налуу замтай байгаа нь илүү давуу талтай байна. Дан тэргэнцэртэй гэлтгүй хөл муутай, ачаа бараатай хүн ч зорчиж болохоор болсон байна” хэмээв.

Энэ хэсэгт зорчигчдын хөдөлгөөний эрчим нь цагт дундажаар 1000, уг авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нь цагт дундажаар 3000 байдаг аж.

Мөн өвлийн цагт замын налуугаас шалтгаалан хальтиргаа гулгаа үүсдэг, автобусны буудлаас орон сууцны болон гэр хороолол, сургууль чиглэлийн явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй тул Их тойруугийн болон Токиогийн гудамжны авто замын хөдөлгөөнтэй огтлолцохгүй байхаар зохион байгуулах нь явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн тухайн хэсгийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, түгжрэлийг багасгах зэрэг олон даввуу тал бий болж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here