~Химийн хорт бодисын талаарх мэдээллийг таниуллаа~
Химийн хорт болон аюултай бодисын талаарх хууль тогтоомжийг сурталчлах, химийн бодистой харьцаж ажилладаг албан хаагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах, химийн бодистой холбоотой болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Химийн хорт болон аюултай бодисын хууль тогтоомжийг сурталчлах, химийн ослоос урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт боллоо.
Сургалтад БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, НЭМҮТ, Гамшиг судлалын хүрээлэн, МУИС, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, химийн бодис ашигладаг 35 аж ахуйн нэгж байгууллагын 50 гаруй төлөөлөл оролцож байна.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Химийн хорт болон аюултай бодисын талаархи хууль тогтоомжийг сурталчлах, химийн ослоос урьдчилан сэргийлэх, химийн бодистой харьцаж ажилладаг ажилтан, албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэхэд энэ удаагийн сургалт ач холбогдолтой, сургалтыг онол, дадлагыг хослуулан зохион байгуулж байгаагаараа онцлог” гэдгийг дурдлаа.
Химийн хорт болон аюултай бодисын холбогдолтой осол, зөрчлийн тохиолдол сүүлийн 10 жилд нийт 143 удаа гарч 23 хүн нас амь насаа алдан, 204 хүн бэртэж, гэмтсэн байна.
Тохиолдож байгаа химийн ослын шалтгаан, нөхцлийг авч үзвэл, иргэд, аж ахуйгн нэгж байгууллага химийн бодисын талаарх мэдлэг дутмаг, аюулгүй ажиллагааны зааварчилгааг баримтлан ажилладаггүй, ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ тодорхойгүй, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зардал гаргадаггүй, сургалт дадлага зохион байгуулдаггүй зэргээс шалтгаалдаг байна.
Энэхүү хамтарсан сургалт нь оролцогчдын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, химийн хорт болон аюултай бодисын холбогдолтой аюул, ослоос урьдчилан сэргийлэх, ослын нөхцөл байдал үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах чадавхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.