2017 оны 6 сарын 28-нд Архангай, Булган аймаг нутаг дэвсгэрт хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ.
“ЦДҮС” ТӨХК-ийн “Эрдэнэт” дэд станцад гэмтэл гарсан байна. Нийт 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унасан учир Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан гэсэн зургаан аймгийн 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна. Эрчим хүчний сайдын тушаалаар “ЦДҮС” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдлыг зарласан. Энэ хүрээнд шөнийн 02:00 цагт Хангайн бүсийн салбар, Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй нэг фургон, нэг вышкатай бригад, 02:30 цагт Багануур ЗӨБ салбараас долоон хүний бүрэлдэхүүнтэй нэг фургон машинтай бригад гэмтэлийг засахаар гарсан байна. Улаанбаатар салбараас 13 хүний бүрэлдэхүүнтэй нэг маяти кран, 1 25 тоннын Хово кран, 1 КАТ / газар ухагч машин / таван ширхэг төмөр бетонон тулгуур ачиж 05.34 цагт гарчээ. Одоогийн байдлаар Тайширын УЦС, Богдын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Тайширын УЦС хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын УЦС 1 МВт –ын ачаалалтай зэрэгцээ ажиллаж байна. Байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас үүссэн аваарийг арилгах яаралтай арга хэмжээний хүрээнд Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын баг газар дээр нь ажиллаж байна.