Нүүр хуудас Нийгэм Өргөдлийн байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа

Өргөдлийн байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа

300
0

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хамт ЭМЯ, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнууд, байнгын хорооны ажилтнууд байлцсан.

Эхлээд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн жилүүдэд хийсэн ажил, тулгамдсан асуудлын талаар удирдлагууд нь танилцуулга хийв.

Тус төв үндсэн үүргээрээ сэтгэцийн эмгэгийг оношлох, эмчлэх, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг асрамжлах, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох зэрэг ажил, үйлчилгээг эрхэлдэг ба өнөөдрийн байдлаар 749 ортой үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 727 эмч, ажиллагсадтай бөгөөд сэтгэцийн эмгэгтэй 50 гаруй мянга, тус төвийн байнгын хяналтад байдаг 21 мянга гаруй хүнд хүрч үйлчилдэг талаар танилцуулгадаа дурьдлаа.

2014 онд орчин үеийн шаардлага хангах стандарт бүхий барилга ашиглалтад оруулж, ажиллагсад болон үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгчдийн тохь тухыг хангах чиглэлд төсвийн хөрөнгө оруулалт болон өөрсдийн хүч боломжоор хийсэн ажлынхаа талаар мөн танилцуулсан.

Сэтгэлзүйн болон эмнэлзүйн оношлогооны тоног төхөөрөмж 92 хувийн хангалттай болсон бөгөөд орчин үеийн чанарын шаардлага хангах түвшинд хүрсэн гэдгийг онцолж байлаа.

Цаашид тулгамдаж буй асуудлын талаар төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл,

-Сэтгэц идэвхит эм, бодистой тэмцэх Үндэсний хороо байгуулах,

-Сэтгэцийн эмгэгтэй хүнийг тусгайлан асрамжлах Асрамжийн газар бий болгох,

-Хүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлогын баримт бичиг боловсруулж  гаргах,

-Засварын төсвийг үе шаттай нэмэгдүүлэх шаардлагатайг хэллээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асууж, хариулт аван, санал солилцсон.

Гишүүн Б.Энх-Амгалан Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу ажиллаж байгааг танилцуулаад, иргэдийн өргөдлийн мөрөөр ажиллахын зэрэгцээ төвийн үйл ажиллагаатай танилцаж байгааг хэлэв. Тэрбээр хамт явсан ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудад дүгнэлтээ гаргаад Өргөдлийн байнгын хороонд ирүүлж, өргөдөл гаргасан иргэдэд Байнгын хорооноос албан ёсны хариуг өгөхөөр шийдвэр гаргалаа.

Мөн төвийн үйл ажиллагаанд тулгамдаж буй Асрамжийн  газар байгуулах,  Хүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлогын баримт бичиг гаргах зэрэг асуудлыг  Өргөдлийн байнгын хорооны хурлаараа хэлэлцэж, ЭМЯ болон Засгийн газарт чиглэл хүргүүлэн ажиллахаа хэллээ.

Дараа нь  төвийн клиникийн тасаг, багуудын үйл ажиллагаатай танилцсан. Сэтгэц нийгмийн сэргээх засах эмчилгээний клиникт үсчин гоо зүй, эсгий урлал, биеийн тамир, урлан, зураг, тоглоом, оёдол, ном, мужаан, хөгжим, хоол, цаасан, олсон урлагийн эмчигээ зэрэг эмчилгээний тасгуудаар орж танилцлаа. Эмчлүүлэгчдийн сэтгэлзүйн онцлогт тулгуурлаж нийгэмшүүлэх, сэргээн засах зорилгоор дээрх эмчилгээг явуулдаг байна. Цаашид үйлдвэрлэл /нарийн боов, талх барих, ногоо тарих, блок үйлдвэрлэх/ зэргээр өргөжүүлэхээр ажиллаж буйгаа төвийн удирдлага хэлсэн.

Төвийн бүх клиник, тасаг, багийн үйл ажиллагаатай танилцсаны дараа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудтай уулзалт хийв.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэлсэн үгэндээ  “Танай хамт олон төсвөөс хөрөнгө харалгүйгээр өөрсдийн хүч боломжоор олон ажил хийснийг харлаа. Ийм бүтээлч хамт олон байгаад сэтгэл өөдрөг байна. Жил ирэх бүр сэтгэцийн өвчлөл ихэсч буй тооцоо судалгааг та бүхний танилцуулгаас мэдлээ. Эв нэгдэл, эрхэмлэх зүйлээ хичээж, үйлчилгээгээ сайжруулахад улам их санаачилгатай ажиллахыг хүсье.  УИХ, Байнгын хорооны гишүүний хувиар төвийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг шийдүүлэхийн төлөө ажиллана” гэсэн юм. Төгсгөлд нь эмч, ажилтнуудын асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here