-23 хэмийн хүйтэнд эмэгтэйчүүд ХАГАС НҮЦГЭН жагсав
МАН-ын байрны гадна өнөөдөр хэсэг бүсгүйчүүд хагас нүцгэн жагслаа. Тэдний тэмцэл 20 гаруй минут үргэлжлэв.
”Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх ”Ээжүүдийн холбоо”-ноос энэхүү тэмцлийг зохион байгуулжээ.
Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл, ТҮЦ эрхлэгчдийн холбооны гишүүд гэж өөрсдийгөө танилцуулсан эдгээр эмэгтэйчүүд МАН-ын байрны гадна эсэргүүцэл илэрхийлэх болсон шалтгаанаа ”Амьдралаа залгуулдаг бизнесийг нь улсаас албадан устгаж байгааг эсэргүүцэж байгаа” гэж тайлбарлав.
Өнөөдөр Улаанбаатарт -23 хэмийн хүйтэн байна. Жагсагч эмэгтэйчүүд ”Оффшорчдыг зайлуул” гэх мэтчилэн үг бичсэн лоозон барьж, 20 гаруй минут гадаа зогссон ба Монгол Ардын намын хуулийн зөвлөх гарч ирэн, тэдэнтэй ярилцахаар дотогш авч орсон юм.
Эдгээр эмэгтэйчүүд 2017 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлжээ. Одоог хүртэл тэдэнд шаардлагын хариу өгөөгүй тул өнөөдрийн тэмцлээрээ мөн төр засагт хүргүүлсэн шаардлагын хариугаа нэхэн, сануулж байгаа аж.