Манай улсад хориотой пирамид хэлбэрийн буюу сүлжээний бизнес эрхэлж, “G time” нэртэй компани байгуулан үйл ажиллагаа явуулж байсан Казакстаны Ж.Марат тэргүүтэй хүмүүсийг саатуулж, үйл ажиллагааг нь зогсоон шалгаж буй.
Харин тус компанийн гишүүн болох Н.Тогоохорол, Б.Лхамцэцэг, Ж.Анхтуяа тэргүүтэй иргэдийн төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, төр засгаас бизнесээ цааш үргэлжлүүлэх боломж олгохыг шаардлаа.
Уг хэргийг шалгаж буйтай холбогдуулан тус компанийн 6 тэрбум гаруй төгрөг, 2 тэрбум гаруй төгрөгтэй дүйцэх барааг битүүмжлээд буй. Одоогоор тус сүлжээнд элссэн иргэдийн 50 хувь нь анх гишүүнээр элсэхэд өгсөн 135.000-2.3 сая төгрөг хүртэлх хураамжаа эргүүлэн авсан хохиролгүй хэмээн үзэж байгаа аж.
Тус сүлжээнд элсэхдээ хөдлөх, үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авч, зарим нь мөнгө хүүлэгчдээс өндөр хүүтэй зээл авсан атал өрөө барагдуулах боломжгүй болж сүлжээний бизнес нь зогссоны улмаас тус сүлжээнд элсэгчдийн дунд багагүй бухимдал үүсээд байгаа хэмээн иргэдийн төлөөлөл хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Түүнчлэн тэд төрийн байгууллагууд тус сүлжээний бизнесийг хууль ёсных хэмээн хүлээн зөвшөөрч компанийг нь бүртгэн авч, 1.3 тэрбум татвар хураан авсан атал удалгүй хууль бус хэмээн үзэж, хаасан нь бухимдалтай байгаагаа илэрхийлсэн.