Монгол Улсын “Морин хуурын чуулга” нь хэмээх их айл 1992 онд байгуулагдсан түүхтэй. Тэр цаг үеэс өнөөг хүртэл дуунаас дуурь, бие биелгээнээс бүжгэн жүжиг, уламжлалт морин хуурын татлагаас гоцлол, санат, концерт,
симфоннета зэрэг том хэмжээний бүтээлүүдийг хөгжимдөхийн зэрэгцээ тайз дэлгэцийн болон баримтат кино, теле кино, жүжгийн хөгжмийн 250 гаруй бүтээлийн урын сантай болж, Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын 1000 гаруй бүтээлийг тоглоод байна.
Тэгвэл энэ үнэт соёлын зүйлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх гүүр нь болж буй уран бүтээлчдийн цалин хөлс маш бага аж.
Энэ талаар “Морин хуурын чуулга”-ын удирдаач, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан хэлэхдээ,
“Уран бүтээлчид 580 мянган төгрөгийн цалин авдаг. Мэргэжлийн урлагийн үнэлэмж өнөөдөр ийм л байна. Харамсалтай. Өдөр бүр ажилладаг. Сэтгэлтэй хүмүүс л энд ажиллаж байна. Энэ хуурыг цааш нь өвлөж явахад анхнаасаа зөв сурах хэрэгтэй. Ирээдүй хойчдоо буруу сургаад үлдээчихмээргүй байна. Энэ нь сурах нарийн дэгтэй хөгжим. Морин хуур сураад, мөнгө олох арга гээд харчихвал л буруудчихна. Тэгэхээр бидэнд сэтгэл л байна.
Хөгжимчин хүн яаж мэргэжлийн түвшинд хүрдэг вэ? гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Багаасаа хичээллэж, хүүхэд насыг мэдэхгүй өнгөрөөдөг. Бусад хүүхэд гадаа тоглож байхад л хөгжмөө бариастай сууж байдаг. Үнэ цэнэ бага байгаа нь хүмүүсийн хөгжмийг ойлгох боловсрол маш дорой байгаагийн л илрэл. Ний нуугүй хэлэхэд 10 жилээс нь академик боловсрол олгох тал дээр анхаарахгүй байна. Багаасаа хип хоп гэх мэтээр хөгжилтэй, хөнгөн талаас нь хараад явчихаар яаж боловсрол олох вэ дээ. Ерөөсөө л морин хуурт дуртай гадны хүмүүсийн сэтгэл дээр л манай морин хуурын урлаг өдий зэрэгтэй тогтож байна” хэмээв.