Нүүр хуудас Соёл урлаг Тува улсын АЖ Э.Б.Ондар: “ГОВЬ ЭЭЛЭЭ ӨГСӨН САЙХАН НУТАГ ЮМ БИЛЭЭ”

Тува улсын АЖ Э.Б.Ондар: “ГОВЬ ЭЭЛЭЭ ӨГСӨН САЙХАН НУТАГ ЮМ БИЛЭЭ”

1040
0
Tuwa ulsiin ardiin jujigchin Ondar
Тува улсын Ардын жүжигчин Э.Б.Ондар
Тува улсын Ардын жүжигчин Э.Б.Ондар: “ГОВЬ ЭЭЛЭЭ ӨГСӨН САЙХАН НУТАГ ЮМ БИЛЭЭ”
“Говийн домог” киноны гол дүрд ОХУ-ын Тува улсын Ардын жүжигчин, Саха-Якутын гавьяат жүжигчин Э.Б.Ондар тоглосон юм. .

-Хаврын энэ сайхан өдрийн мэндийг хүргэе! Тун удахгүй таны гол дүрийг нь бүтээсэн UBS телевизийн бүтээл “Говийн домог” кино нээлтээ хийх гэж байна. Энэ кинонд тоглох урилгыг хэрхэн хүлээн авснаар яриагаа эхэлье?

Э.Б.ОНДАР: Юуны өмнө, энэ гайхамшигтай урилгыг надад өгсөн UBS телевизийн хамт олонд баярлалаа гэж хэлье. Хамгийн анх “Говийн домог”-ийн зохиолчид надтай интернэтээр холбогдож, дараахан нь UBS телевизийн төлөөлөгчид Тува улсад зорин ирж, театрын удирдлагуудтай уулзсан юм. Тухайн үед театрын ажлын ачаалал их байсан болохоор удирдлагууд маань намайг чөлөөлж, ямар нэгэн кинонд явуулах тийм ч дуртай байгаагүй. Харин би “Говийн домог”-т тоглохыг үнэхээр чин сэтгэлээсээ хүсч байлаа. Дор нь өргөдөл бичиж, бараг өөрөө өөртөө чөлөө өгөөд явчихсан даа. /инээв/ Киноны уран бүтээлчид яг л над шиг дүр төрхтэй хүн хайж байсан учраас дүрийн шалгаруулалт хийлгүйгээр шууд л надад санал тавьсан юм билээ. Би ч дуртай хүлээж авсан.

-Монголд ирээд, монголчуудтай, манай кино групптэй ажиллахад ямар сэтгэгдэл төрүүлэв? Шинэ орчин, шинэ хамт олон гээд л…

Э.Б.ОНДАР: Би шинэ гэр бүлдээ маш хурдан дассан. Олон сайхан авьяаслаг жүжигчин, дуучин, бүжигчидтэй танилцаж, найз нөхөд болцгоолоо. Энэ дундаа орлон тоглогчдыг би онцлон дурьдмаар байна. Тэд үнэхээр чадварлаг. Асар богино хугацаанд эмнэг адууг сургаж, байлдааны хэсгүүдэд мориноос чирэгдэх, давхих, үсэрч буух гээд бүхий л хэцүү даалгавруудыг гүйцэтгэсэн. Жинхэнэ агт морьдыг эзэгнэгчид гэж тэднийг л хэлэх байх. Зураг авалтууд маань хэдийгээр хэцүү нөхцөлд явагдаж байсан ч киноны уран бүтээлчид, арын албаныхнаас хэн нь ч ингэлээ, тэглээ гэж гомдол хэлж байсангүй. Бид нэг майханд унтаж, нэг аяганаас хоол идэж, нэг ГЭР БҮЛ болж чадсан. “Говийн домог” кинонд ажилласан нь миний хувьд уран бүтээлийн төдийгүй ахуй амьдралын маш том хичээл болсон юм. Мөн би монголчуудыг өмнө нь дуучин ард түмэн гэж сонсож байлаа. Дуу хуурын өлгий нутагт энэ киног бүтээлцэж явахдаа энэ үг үнэхээр үнэн юм байна гэдгийг бие сэтгэлээр мэдэрсэн дээ.

-+40 хэм халах говь нутагт кино зураг авалт явагдсан. Гэхдээ тэр бүхнийг ажралгүй зорьсон ажлаа гүйцэлдүүлж, ард нь гарцгаалаа. Таны хувьд олон зүйлийг сурч авсан туршлага болсон байх…

Э.Б.ОНДАР: Нэг өдөр яг зураг авах гэтэл хүчтэй шороон шуурга босч, бид зургаа зогсоон амрахаас аргагүй болсон юм. Байрлаж байсан майхан, хоол унд, киноны хувцас хэрэглэл гээд бүх зүйлс элстэй холилдоод, хоолоо идэх гэтэл аманд бөөн элс шаржигнаад л… /инээв/ “Говийн нэмэгдэлтэй сайхан хоол байна” гэж бид инээлдээд элстэй хоолоо идэцгээсэн дээ. Говь ээлээ өгсөн сайхан нутаг юм билээ. Монголын говьд ирж кино зураг авалтад оролцсоныхоо дараа манайх бүл нэмж арван найман жилийн дараа би голомт залгах хүүтэй болсон. Энэ бол говийн надад өгсөн хамгийн том бэлэг.

Goviin domog jujigchin Ondar
Монголын говьд ирж кино зураг авалтад оролцсоныхоо дараа уран бүтээлч маань голомт залгах хүүтэй болжээ.

– Монголын нэр хүндтэй том уран бүтээлчидтэй хамтран тоглосон сэтгэгдлээс тань хуваалцъя?

Э.Б.ОНДАР: Жүжигчдийн ур чадварын тухайд үнэхээр гайхалтай, жинхэнэ мэргэжлийн уран бүтээлчид байсан. Тэр тусмаа эрхэм Ардын болон гавьяат жүжигчид. Ер нь монгол хүнд байгалиасаа заяасан нэг тийм энгийн, хээгүй хэрнээ чин үнэнч зан чанар байдаг юм билээ. Аливаа ард түмнийг зан заншил, уламжлал нь хүчтэй нэгтгэж зангидаж чаддагийг би “Говийн домог”-т хамтран ажилласан уран бүтээлчдээсээ илүүтэй анзаарсан.

-Үзэгчид “Говийн домог” киноноос ямар зүйлийг ойлгож ухаарах бол?

Э.Б.ОНДАР: Өмнө нь домгийн сэдэвтэй кино нэг их хийгдээгүй гэж би сонсож байсан. “Говийн домог” Монголын кино урлагийг бас нэгэн алхам урагшлуулж, олон улсын тавцанд гарч чадахуйц хийцтэй, зохиолтой сайн кино гэдгийг би ам бардам хэлж чадна. Үзэгчид говь нутгийн гайхам сайхан байгаль, аялгуу эгшгийн нууцтай танилцахад таатай байна гэдэгт итгэлтэй байна.

-Театрын жүжигчнийхээ хажуугаар таныг олон улсын томоохон хөтөлбөр, кино төслүүдэд оролцож байсан тухай сонссон…

Э.Б.ОНДАР: Тийм ээ. Театрын ажлын хажуугаар кино уран бүтээлд аль болох оролцохыг хичээдэг. 2006 онд анх Оросын «Колесо» нэртэй богино хэмжээний кинонд тоглож байсан бол 2009 онд ОХУ, Монгол, АНУ-ын хамтран бүтээсэн “Тайна Чингис-Хана буюу Чингис Хааны Нууц”, 2011 онд Казах фильмийн “Отважные”, 2014 онд Казахстан, ОХУ, Тайланд, Испани зэрэг орны уран бүтээлчид хамтран бүтээсэн «Младший» кинонд тоглосон. Харин 2016-2018 онд UBS телевизийн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээл болох «Говийн домог» киноны гол дүрд тоглосон маань энэ.

-Урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!

Э.Б.ОНДАР: Баярлалаа. Та бүхний ажилд ч мөн амжилт хүсье!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here