Энэ ертөнцөд 13 төрлийн ааш, түүнээс салаалсан өч төчнөөн зан, аяг бий. Тэгвэл хэзээ ч хэн нэгэнд тоогдох гэж ая тал засалгүй зөвхөн өөрийнхөөрөө байж, шорвог гашуун үгс, хэдэр ёдор зан, ааш муутайгаа элдэв өнгө будаг, хиймэл төрхөөр нууж халхалдаггүй, шулуун шударга гэхэд дэндүү шулуун нэгэн бол Б.Баатар найруулагч гэдэгтэй маргах хүн үгүй бизээ.
Билиг танхай энэ уран бүтээлчийн “хэцүү” зангаас ихэнх нь жаал бэргэдэг ч эцэстээ хүлээн зөвшөөрч, амжилтынх нь үндэс суурь болсон гэлцэх нь ч бий. Зүйрлэвэл, нарны туяа бүхнийг гэрэлтүүлэн гийгүүлж, харин халхлагдсан хэсэгт сүүдэр нуугддаг шиг.
Олон ч хүнийг нэр алдар, биеэ тоохын мананд төөрөх үед өөрийгөө олох луужин нь болж, ухаан авьяасыг нь хурцалсан бизээ.
Баатар найруулагч уран бүтээлүүдээрээ удаа дараалан тэсрэлт хийж, үзэгчдийн оюунд гал нэмдэг нь мөнөөх нарыг мөнх болгогч цөмийн гинжин урвал лугаа адил.
Орчлон хорвоогийн хамгийн сайн сайхан, авьяас чадвартайг нь сорчилж түүдэг хатуу хууль Театр, кино урлагийн салбарын нэгэн том төлөөлөл, сор авьяастан эрхэм хүнээр дутсан бололтой.
УГЗ Б.Баатар найруулагч маань таалал төгсчээ. Монголын урлагийн охь болсон ноён оргилын маань бүх уран бүтээл мөнхөд бидний зүрх сэтгэлд хадгалаастай байх болно. Ум сайн амгалан болтугай