“Оюунлагууд цуглах өргөө” уриатай УДЭТ-ын хамт олон энэ улирлын тоглолтынхоо нээлтийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгээр эхлүүлэх гэж байна. “Эх түүх, соёлоороо бахархаж, ирээдүй хойчдоо өвлүүлцгээе” уриатай тус тоглолт нь энэ сарын 6-нд эхэлж, 7, 8, 21, 22-нд тоглогдох аж. Түүхэн жүжгийн сар Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгээр үргэлжлэх бөгөөд аравдугаар сарын 13, 14, 15-нд үргэлжилнэ. Харин 18-нд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг тоглох бол 19, 20-нд үзэгчиддээ дахин хүргэх юм байна. Түүнчлэн аравдугаар сарын 28, 29-нд С.Жаргалсайханы “Тэмүүжин”, Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” жүжгийг тоглох гэнэ. Сонирхуулахад, түүхэн жүжгийн сар эхэлсэнтэй холбогдуулан УДЭТ-аас түүхэн багц зарлажээ. Түүхэн багцад таван жүжгийг 60 мянга, гурван жүжгийг 45 мянган төгрөгөөр үзэх боломтой бөгөөд эхний 100 хүн уг багцад хамрагдах боломжтой аж.