Нүүр хуудас Улс төр У.Хүрэлсүх, түүний Засгийн газрын нуруун дээр өвлөгдөн ирж байгаа ачаа

У.Хүрэлсүх, түүний Засгийн газрын нуруун дээр өвлөгдөн ирж байгаа ачаа

127
0

Доктор Б.Отгонтөгс зурган илэрцүүд

Доктор Б.Отгонтөгс “…МАН Мэргэжлийн Засгийн газар байгуулан ажиллана. Давхар дээлийг болиулна. Өндөр сахилга баттай төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн байна.  …Гол асуулт жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доогуур орлоготой аж ахуйн нэгжүүдийн албан татварыг 90 хувиар бууруулна. Шинээр татвар авахгүй. Татвар нэмэхгүй. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зээл авахаас татгалзана гэж байгаа тул төсвийн орлого тал багасгах нь тодорхой. Гэтэл төсвийн зардал илүү нэмэгдэхээр байгаа. Зээлийн хүүг бууруулна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулна. Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. Цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ. “Монгол экспорт” , “Атрын аян”, “Мах, сүүний анхдугаар аян, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн дээр дурдсан нийгмийн халамжийн бодлогуудыг хэрэгжүүлэх тул жилд төсвийн зардал ипотекийн зээлийн санхүүжилтийг оруулахгүйгээр хамгийн багадаа 5.4 их наяд болох нь. Бид 2017 оноос эхлэн Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын үндсэн төлбөрийг төлж эхэлнэ гэдгийг мэдэж байгаа. Монгол Улс  ирэх дөрвөн жилд ямар ямар салбаруудыг түлхүү хөгжүүлэх вэ. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын үндсэн төлбөрийг хэрхэн бидэнд, өнөөгийн болон ирээдүйн татвар төлөгчдөд дарамт багатайгаар төлж эхлэх вэ. Ирэх дөрвөн жилд бидний амьдрал дээшлэх үү. Бид хаана хүрэх вэ. гэдэг асуултад  хариулт хэрэгтэй байна” гэсэн байв.

МАН сонгуульд ялсан. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болсон. Тэрээр Засгийн газраа Мэргэжлийн хэмээн нэрлэсэн. Харин Засгийн газрыг нь дээрх ажлуудыг хэрхэн амжуулах нь вэ гэдгийг олон нийт хүлээж байлаа. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар МАН-ын 2016 оны амлалттай холбоотой томоохон дөрвөн ажлыг хийжээ.

-Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг 2016 оны аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар гаргасан. Боловсролын зээлийн сан гурав ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтад суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгож эхэлсэн.

-Ахмадуудад “Насны хишиг”-ийг олгож эхэлсэн. Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 25-ны хуралдаанаар журам баталж, шийдвэрээ гаргасан. Энэ хишгийг нийт 121905 ахмад авах тооцоог хариуцсан яамнаас нь гаргасан байдаг. Ингэхдээ 65-69 настай 43089 ахмад настанд 50 мянга, 70-79 настай 57624 ахмад настанд 80 мянга, 80-89 настай 18700 ахмад настанд 150 мянга, 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад настанд 250 мянган төгрөг хүртээж эхэлсэн юм.

-2017 оны гуравдугаар сарын 20-нд Хөгжлийн банк 2012 оны гуравдугаар сарын 21-нд таван жилийн хугацаатай гаргасан 580 сая ам.долларын “Евро” бондын өрийг өрөөр төлсөн юм.

-Сү.Батболдын Засгийн газраас эхтэй “Чалко”-гийн өрийг төлж барагдуулсан юм. 2017 оны гуравдугаар сарын 30-нд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагууд БНХАУ-ын “Чалко” компанид төлөх  өрийг бүрэн төлж барагдуулсныг мэдэгдсэн. Зургаан жил сунжирсан  үндсэн төлбөрийн үлдэгдэл 30 хувийг долоон сарын хугацаанд  барагдуулсан байдаг юм.

Үүнийг МАН-ын сонгуулийн амлалттай харьцуулбал өчүүхэн хувь нь болно. Угтаа, Мэргэжлийн Засгийн газар намынхаа амлалтыг бараг “хөдөлгөж” чадаагүй юм.

У.ХҮРЭЛСҮХЭД ҮЛДСЭН МАН-ЫН АМЛАЛТ

У.Хүрэлсүхийн хамгийн түрүүнд нүүр тулах том ажил бол “Чингис” бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сард төлөх юм. Мөн “Дим сан” бондын 160 сая ам.долларыг тавдугаар сард төлөх ёстой. Гэвч улсын сан хөмрөг хүнд, бондын төлбөр төлөх эх үүсвэр хуримтлагдаагүй, валютын нөөц бага, төсвийн алдагдал хэвээр байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хүүхдийн мөнгийг хавтгайд нь тарааснаар ОУВС-гийн эргэлзээг төрүүлж, шүүмжлэл хүртсэн. Хэрэв Монгол Улс өрөө төлж чадахгүйд хүрвэл дефольт зарлаж болзошгүйг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар яаж энэ бүхний ард гарах вэ. Бас л бонд гаргаж, энэ хэдэн арилжааны банкиндаа шахах уу гэдэг асуулт тавигдаад байгаа юм. Түүнээс гадна хийх ёстой нэг том ажил нь хуулийн салбарыг ёс горимд нь оруулах юм. Шударга ёс хэмээн өөрийнх нь ярьдаг хуулийн салбарыг тохинуулах шаардлага нэгэнт бий болсныг тухайн салбарынхан хэлээд байгаа. 2012-2016 оны үед Хууль зүйн шинэчлэл нэрийн дор хуулийн салбарыг самарчихсан гэдгийг том хуульчид шууд хэлдэг. Дээрээс нь хуулийн байгууллагын удирдлагууд улс төрийн захиалгаар, дохио зангаагаар хөдөлдөг болсон гэдэг шүүмжлэл газар аваад байна. Энэ хоёрын дараа МАН-ын амлалтыг биелүүлэх ажил мэдээж хүлээж байгаа.

Тухайлбал, МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд амлаж байсан амлалтууд:

  • -Хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно.
  • -Үндэсний тэтгэлэг 70200 үргэлжлүүлэн олгоно.
  • -Төлбөрийн дарамт­гүй оюутан хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • -Тэтгэвэр, тэтгэм­жийг тус бүр нэмэгдүүлж тэтгэврийн зээлийн хүүг бууруулна.
  • -Иргэд, аж, ахуйн нэгжийн орлого, бизнесийн үйл ажиллагааг тэтгэсэн татварын таатай орчин бий болгоно. Татвар нэмэхгүй, Шинэ төрлийн татвар бий болгохгүй.
  • -Төсвийн зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлж, алдагдлыг бууруулна.
  • -Аз жаргалтай гэр бүлийн хүрээнд орлогыг нь нэмж, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
  • -Арилжааны банкны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана.
  • -Бизнес дэх төрийн дарамт шахалтыг багасгаж, үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ.

Эдгээр амлалтыг хэрэгжүүлэхийг ард түмэн У.Хүрэлсүхээс шаардах болно.

Энэ бол Ж.Эрдэнэ­батаас У.Хүрэлсүхэд үлдээж буй өв юм. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх, түүний Засгийн газрын нуруун дээр өвлөгдөн ирж байгаа ачаа гэсэн үг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here