Нүүр хуудас Соёл урлаг УЙ ШАНАЛАНГИЙН ЖИНХЭНЭ ЗУРААЧ

УЙ ШАНАЛАНГИЙН ЖИНХЭНЭ ЗУРААЧ

691
0

 “Ямар сайхан тэнгэр вэ! Цай уух уу, боомилж
үхэх үү гэдгээ мэдэхгүй л байна.”

“-Та яагаад хар хувцас өмсдөг вэ?”

Оросын сонгодог зохиолч Антон Павлович Чеховын өнөө хэр дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын урын санг чимсээр буй “Цахлай” жүжиг ингэж эхэлдэг.

Их зохиолч, шүүмжлэгч Владимир Набоков “Хүний зовлон шаналлыг олж харахдаа Чехов шиг жинхэнэ зураач байна гэдэг нэг хэрэг, Горький маягийн ёс зүйч байх ч тэс өөр хэрэг ээ” хэмээн өгүүлсэн байдаг нь түүнд олгосон хамгийн зөв тодорхойлолт юм. Үүнээс өөрөөр Чеховыг тодорхойлох боломжгүй мэт. Тэр үнэхээр бийр гарздаггүй нямбай зохиолч. Чехов өөрийн бичих ётсой зүйлээ л бичдэг. Нэг ч үг орхидоггүй, нэг ч илүү үг өгүүлбэртэй багтаадаггүй.

Чехов үнэхээр хүмүүний дотоод сэтгэлийн зовлон шаналлыг уран бүтээлдээ гойд зуран үзүүлдэг нь олон арван өгүүллэг, жүжгүүдээс нь мэдрэгддэг. Тэр ялангуяа “Цахлай” жүжигт энэ нь илэрхий байдаг. Ерөөсөө зохиолын бүхэллэг мөн чанарыг эхний өгүүлбэрээс эхлээд зурсан нь гайхалтай сандагдана. “-Та яагаад хар хувцас өмсдөг вэ?” гэж жүжигт гарч буй багш Семенович Медведенко, Сорины аж ахуйн даамал Афанасьевич Шамраевын охин Машагаас асууж буй нь түүний зовлон шаналантай байдлыг гаргах дотоод зөрчлийн хамгийн чухал илэрхийлэл болж өгсөн юм.

Уг жүжигт ердийн нэг хүмүүсийн зөрчлийг бус уран бүтээлчийн замналыг харуулах гэж Чехов зорьсон байдаг нь илт ажиглагддаг. Жүжгийн гол дүр болох алдартай жүжигчин Николаевна Аркадинагийн хүү Гаврилович Треплев жүжгийн хоёрдугаар бүлэгт хайртай эмэгтэйнхээ өмнө буудсан цахлайнхаа цогцсыг авчиран тавьж буй үзэгдэл гардаг. Тэгээд “Удахгүй би ийм байдлаар өөрийгөө ална” хэмээн хэлнэ. Үүнээс үзэхэд уран бүтээлчийн замналыг буюу ямар нэгэн зохиолын золиос болж өөрийн нэг амьдралыг үгүй хийж, төгсгөөд дахин шинэ зохиол эхлүүлэхдээ өөрөө дахин төрж буй үзэгдлийг эл жүжгээр харуулсан байна.

Анхлан тийнхүү Гаврилович Треплев цахлай буудан хөнөөхдөө өөрийн хайртай бүсгүй Нина Заречнаяыг хамт хөнөөчхөж байгааг ажиглах хэрэгтэй. Харин бүр төгсгөлд нь өөрийгөө жинхнээсээ бууддаг. Нийтдээ “Цахлай” жүжигт гурван аллага гарч буйг уншигчид төдийлөн анзаараагүй байх.

Энэ бүхнийг, уй гаслангийн чимээг гойд зурсан Чехов шиг өгүүлэгч Оросын уран зохиолд ховор. Хамгийн гол нь хүний дотоод шаналангийн чимээг төгөлдөр хуурын аялгуу эгшиглэх мэт сонсож, түүнийгээ өгүүллэг, жүжигтээ жинхэнэ шидэт реализм болгож чаддаг нь түүний авьяасанд хамааралтай.

Тэр энгийн утга санааг илэрхийлэхдээ ч түүний ард далд санааг нуудаг. Үүнийг Чеховын үеийн болон, түүнээс хойшхи бүхий цаг үеийн сонгодог зохиолчид хүлээн зөвшөөрдөг. “Цахлай” жүжиг нь уран бүтээлч хүний замналыг үзүүлсэн жүжиг гэж үзвэл түүнийг тодорхойлох ямар ч илүү дутуу шидэт хийсвэрлэл үгүй хоёр л өгүүлбэрийг жишээ болгон татахад болно. Нина Нина Заречная жүжигт өгүүлэгдэж буй алдартай зохиолч Тригоронд хандаж хэлдэг нэг өгүүлбэр бий. Үүнд: “Зохиолч юм уу эсвэл жүжигчин байхын жаргалыг амсахын тулд ойр орчныхоо хахир хатуу авирлахыг, ядуу зүдүү амьдралыг, урам хургарахыг ч хамаагүй тэвчин дээврийн хонгилд сууж бор талхаар хооллож, өөрийгөө голон зовж, өөрийнхөө төлөө төгс төгөлдөр биш байгаад шаналахад бэлэн байна… Харин үүний хариуд би жинхэнэ дуулиантай алдарыг шаардана…”

Зохиолын бүхий л баатруудын зан аашны тогворгүй байдал, сэтгэлийн эмзэг чанаруудыг Сорины газрын даамлын охин Маша мөн л Тригоронд хандаж ийн хэлдэг. “Хэрвээ өөрийгөө шархдуулсан бол би нэг хором ч амьд явахгүй байсан. Гэхдээ л би зоригтой шүү. Би тэгээд л тэр хайраа сэтгэлээсээ үндсээр нь тасдан хаяхаар нэг мөсөн шийдсэн юм.” Үнэнч үүрдийн ариун хайр сэтгэлийн тухай олон зохиолчид бичсэн байдаг.
Тэр ч бүү хэл М.Булгаков буг чөтгөрийн тухай хамгийн сонгодог роман болох “Мастер Маргарита хоёр” зохиолдоо үүрдийн үнэнч хайрыг л өгүүлэхийг зорьсноо чин шударгаар дурьдаж хэлдэг. Гэтэл мөн Чеховын “Цахлай”-д энэ талаар зөрчилтэй олон санаанууд нэг шугаманд явж байна. Маша чухам л үнэнч хайрын төлөө өөрийгөө золиосолсон боловч зохиолч шинэ өгүүллэгээ эхлүүлэх шиг дахин төрж чадсан юм. Энэ нь хайр байсны ид шид гэлтэй. Мөн Гаврилович Треплев хайрт бүсгүйгээсээ болж л өөрийгөө хөнөөдөг. /гэвч далд утга нь өөр/

Энэ бүх санамсаргүй үйл явдлуудыг харилцан яриагаар зураглан өгүүлснийг анхааралтай уншсаныхаа дараа Чехов үнэхээр л үзэгний үзүүрээр хүний сэтгэлийг хэрхэн уран зураг бүтээх шиг зурж байсныг уншигчид ойлгож авах болно.

Харин “Интоорын цэцэрлэг” надад ердийн нэг реализм мэт санагддаг. Зүгээр л нэг ерөнхий жүжиг.  Гэтэл бас интоорын цэцэрлэгээ өрөндөө худалдахаас өөр ямар ч гарцгүй болж өөр тийш нүүж байгаа нь үндсэндээ нийгмийн шилжилтийг өгүүлсэн мөнөөх далд санаа явж байна.

1886 онд Чехов утга зохиолын амьдралдаа өөрчлөлт хийх шалтгаан болсон хөгшин зохиолч Дмитрий Грегоровичтой учирсан гэдэг. Грегорович түүний утга зохиолын авъяасыг нь үнэлэхийн зэрэгцээ, хошин зохиолд цагаа зарцуулахад харамсалтай юм гэжээ. Үүнээс хойш Чехов бүрэн хэмжээний өгүүллэг, зохиол бичих ажилд шамдан орсон. Үнэхээр л учрал байгаа биз дээ. Ийм л учрал дундуур “Цахлай” шиг зохиолчийн хувь тавилан зурагдсан байсныг Чехов өөрөө алдаагүй юм.

Соён гэгээрсэн хүн гэж хэнийг хэлэх вэ? Олон ном уншиж, мэдэхгүй номын талаар мэтгэлцэж, оюунлаг байх хэрэгтэй гэсэн үг үү? Энэ асуултад зохиолч Антан Чехов зураач ах Николайдаа бичсэн захидлаараа хариулжээ. Ах Николайгаа 28-тай, өөрөө 26 настай байхдаа бичсэн эл захидлыг “Антон Чеховын гэр бүл, найз нөхөддөө бичсэн захидлууд” номоос олж болно. Тус захидал дотор “Та хүмүүс намайг ойлгохгүй байна” гэж байнга гоморхох юм! Готе, Ньютон хоёр ингэж гоморхоогүй байлтай … Гагцхүү Христ л ингэж илчлэхдээ Өөрийнхөө тухай биш сургаал номлолынхоо тухай гоморхож байсан юм шүү… Хүмүүс таныг сайнаар барахгүй ойлгож байгаа. Та өөрийгөө үл ойлгож буйгаа бусдад тохох хэрэггүй” гэсэн байдаг.

“Цахлай” жүжгийн төсгөлийг Чехов гайхалтай, урнаар шийдэж өгсөн. Гэрт тайван яриа өрнөж байх зуур цэцэрлэгт буун дуу гарна. Манай гол дүрийн баатар өөрийгөө хөнөөчихөж байгаа юм. Харин энэ тухай эхэд нь мэдэгдэхийг хэн ч хүссэнгүй. Ерөөс уран зохиол маш олон асуултанд хариулж болдог. Хамгийн гол нь уншигчийн сэрэл мэдрэмжээс л бүх зүйлүүд шалтгаалдаг.

Үнэхээр л зохиолч хүн өөрийн бүтээлийн талаар гоморхох ёсгүйг, тэр нь бичигдсэн бол өөрөөс нь нэгэнт ангид байдгийг Чехов ийн тунхаглажээ. Чеховын ариун үзэл санаа уй гаслангийн чимээг гэрэл гэгээ, сахиусан тэнгэр шиг хүмүүсийн дотоод гоо зүйгээр чимэглэн харуулах их авьяасыг хэн ч шагшин магтахгүй байхын аргагүй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here