Хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадмыг Монголын Залуучуудын Холбоо 19 дэх жилдээ 2017 оны 10-р сарын 14-ны өдөр зохион байгууллаа.
Тус наадмын эхний шатны шалгаруулалтад 100 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 2-р шатанд 30 оролцогч шүүгчдийн шүүлтээр шалгарсан.
Уг наадмын онцлог нь МЗХ-ны 21 аймгийн Залуучуудын Холбоо аймагтаа зохион байгуулж, шилдэг оролцогч шууд хоёрдугаар шатанд шалгаран ордог билээ. Энэ жилийн хувьд Өвөрхангай аймгаас Л.Эрдэнэтуул, Өмнөговь аймгийн оролцогч Т.Батхүрэл, Дархан-Уул аймгаас оролцогч С.Бумцэнд нар аймгаа төлөөлөн оролцсон юм.
Энэ жилийн наадмын шилдгийн шилдгээр МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Э.Гантулга шалгарсан бол дэд байрын шагналыг яруу найрагч Г.Лхагвадорж, гутгаар байранд Б.Жамбалдорж, дөрөвдүгээр байранд Х.Доржпалам, тавдугаар байранд Р.Отгонбаяр нар шалгарсан юм. Наадмын тэргүүн байрны шагналт яруу найрагч Э.Гантулга хэлэхдээ “Уг наадамд дөрөв дэх жилдээ оролцож байна. Өнгөрсөн хоёр жил тусгай байранд шалгарсан. Энэ жил тэргүүлсэндээ баяртай байна. Залуу уран бүтээлч биднийг дэмжин энэхүү наадмыг тасралтгүй зохион байгуулдаг МЗХ-ны хамт олонд талархалтай байна” хэмээсэн.
“Цагаан Уул-2017” наадмын ерөнхий шүүгчээр СУИС-ийн Урлаг судлал, Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор профессор, МЗЭ-ийн судлал шүүмжийн үндэсний төвийн тэргүүн, МЗЭ-ийн болон “Алтан Өд” шагналт зохиолч П.Батхуяг, шүүгчдээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очир, МЗЭ-ийн яруу найрагч Д.Энхболдбаатар, 1996 оны “Цагаан уул” наадмын тэргүүн байрын шагналт, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, сэтгүүлч Д.Оюундэлгэр, МЗХ-ны ерөнхийлөгчийн сургалт хариуцсан зөвлөх, Буган сүлд ТББ-ын ерөнхийлөгч Г.Энх-Амгалан нар байлаа.