Улсын драмын эрдмийн театрын нэрт найруулагч Баярцагааны Баатар агсны гэгээн дурсгалд зориулсан “Урлагт үнэн амьдар” хүндэтгэлийн арга хэмжээ /2019-01-29/-ний өдөр зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээний үеэр МУУГЗ, найруулагч Б.Баатар агсны баримлыг Монголын театрын музейд байрлуулсан бөгөөд “Баатар найруулагч сан” нээгдэх болжээ.
“Баатар найруулагч сан” нь залуу найруулагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд тэдний уран бүтээлийг дэмжин ажиллах ажээ.
“Урлагт үнэн амьдар” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр найруулагч Ч.Найдандорж хэлэхдээ,
“Өнөөдөр Б.Баатар агсны маань 60 насны төрсөн өдөр тохиож байна. Монголын драмын театрын түүх бол их буянтай, шалгууртай, өндөр босготой байсан. Цаашдаа ч байх болно. Монголын радио телевизээс явж , Киевийн театр урлагийн дээд сургуулийг төгсөж, өнөөдрийн театрт өөрийн өнгө төрх, онол, ертөнцийг бий болгосон найруулагч бол Б.Баатар. Б.Баатар бол Монголын театрыг ямар байх ёстойг ойлгуулж, мэдрүүлсэн хүн. Тийм учраас ухаантай найруулагч энэ театрт заяасан энэ их хувь заяаны төлөө бахархаж сууна”
хэмээн дурссан юм.