Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчаар М.Отгонбаяр тодорлоо
Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачлагаар анх 1983 оны арванхоёрдугаар сард яруу найргийн “Болор цом” наадам зохиогдож байсан түүхтэй. Тэр цагаас хойш энэхүү наадам жил бүр зохиогдож эхэлснээс хойш яруу найргийн Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчид төрөн гарсаар байна. Энэхүү наадмаас олон сайхан шүлэг төрөн гарч найрагч түмнээ баясгадаг.
Төрийн шагналт, зууны манлай романч Чадраабалын Лодойдамбын мэндэлний 100 жилийн ойд зориулсан “Болор цом 35” наадам өнгөрөгч баасан гаригт/2017.12.15/ Алтай хотод боллоо.
Наадмын эхний шатанд 32 найрагч үлдсэнээс сүүлийн шатанд О.Цэнд-Аюуш, М.Отгонбаяр, Х.Нямхишиг, Б.Ганхүрэл, Х.Одгэрэл нарын таван найрагч үлдсэн юм. Ингээд “Ижийдээ нас гуйлаа” шүлгээрээ Ховд аймгийн Дуут сумын уугуул, яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчаар тодорсон.
Наадмын дэд байрт Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, яруу найрагч Хандхүүгийн Нямхишиг шалгарсан бол гуравт “Болор цом” наадамд олонтоо тавд үлдэж, дэд байрын эзэн, яруу найрагч Оюуны Цэнд-Аюуш, дөрөвт яруу найрагч Бямбацогтын Ганхүрэл, тавд яруу найрагч Дамбын Одгэрэл орсон юм.
“Болор цом” наадмын энэ жилийн шүүгчээр Болор цомын эзэн Арлааны Эрдэнэ-Очир, Норовын Гантулга, болон Н.Пүрэв, Г.Чардаг, М.Эрдэнэбат нар ажилласан байна.
Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчаар М.Отгонбаяр тодорлооЭгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчаар М.Отгонбаяр тодорлоо