БНМАУ-ын төрийн хошой шагналт, анхны ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн, XX зууны манлай зураач О.Цэвэгжав гуайн алдарт “Азарганы ноцолдоон” зургийг хөшөөнд мөнхлөхөөр болсон байна.
Энэхүү төслийг Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн залуучуудын холбооноос санаачлан Дорнод аймагт босгохоор ажилдаа оржээ. Уг төслөөр өвгөдийнхөө агуу бүтээлийг хойч үедээ сурталчлан таниулах гол зорилгыг агуулсан ажээ.
Цаг хугацааны эргэлтэд баларч, бүдгэрэлгүй мөнхөрч чадах намтар түүхээ бичих хувь хүн бүхэнд заяадаггүй. Тэгвэл Очирын Цэвэгжав авьяас билгээрээ Монголын дүрслэх урлагийн түүхэнд өөрийгөө алтан үсгээр мөнхөлж чадсан бахархалт хүн.
Түүний бүтээлүүдээс Монгол үнэртдэг гэдэг. О.Цэвэгжавын тосон будгийн энэ бодит зураг адгуусны хоорондох тэмцлийн гүн зөрчлийг үзүүлсэн байдаг.
Хээр талд хэсэг адууны дэргэд ноцолдож буй хоёр азарганы хөдөлгөөний гүн зөрчлийг нээх уран сайхны дүрслэл болсон энэ зураг тун удахгүй хөшөө болон сүндэрлэх гэж байгаа ажээ.