Монгол хүү Ж.Номондалай АНУ-ын” Niles West” ахлах сургуульд сурдаг бөгөөд Иллиной мужийн ахлах сургуулийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болсон юм.Мөн өнгөрдөг 5 сард болсон Иллиной мужийн аварга шалгаруулах гимнастикийн олон төрлийн тэмцээнд түрүүлжээ. Мөн өөрийн суралцдаг Niles West ахлах сургуулийн багт анхных нь алтан медалийг /багийн төрөлд/ авчирсан юм. Багийнхаа лидер нь байж, бусдыгаа манлайлсан түүнийг Chicago Tribune сонин спортын буландаа онцолжээ. Иллиной мужийн шилдэг гимнастикч хүүгийн спортын замнал түүний төрөлх Улаанбаатар хотоос эхтэй. Ж.Номондалайг есөн настай байхад нь гимнастикийн дасгалжуулагч багш сонгон шалгаруулалт явуулахаар сургууль дээр нь очиж шалгаруулалтад бүртгүүлэв. Даалгавар нь олсонд авирах байсан нь түүнд маш хялбархан байсан тул даалгаврыг мэргэжлийн гимнастикч шиг гүйцэтгэжээ. “Хамгийн хурдан нь би байсан. Тэгж л би гимнастикч болох замаа эхлүүлсэн” гэжээ.
Монголд анх олсны өөд авирч, их спортод хөл тавьснаас хойш найман жил өнгөрөхөд олон зүйл өөрчлөгджээ. Хүүгийн гэр бүлийнхэн амьдрал ахуйгаа сайжруулах, хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэхээр 2007 онд АНУ-ыг зорьсон гэнэ. Анх англи хэл огт мэддэггүй байсан хүү одоо бол “ус цас” ярьдаг болжээ.
Д.Номондалай удахгүй ахлах сургуулиа төгсөнө. Тэгээд Чикаго дахь Иллиной мужийн их сургуулийн элсэн суралцах төлөвлөгөөтэй. Тэндхийн “Flames” нэртэй гимнастикийн багийн гишүүн болохыг зорьж байгаа гэнэ.
Түүний анхны дасгалжуулагч нь Ц.Алтантөгс /Сингапур-2010 өсвөрийн олимпийн аварга Г.Эрдэнэболдын багш/ байв. Ж.Номондалайгийн гэр бүл АНУ руу нүүх шийдвэр гаргах үед Ц.Алтантөгс багш нь ховор авьяастайг нь магтаж, гимнастикийн спортоос нь холдуулалгүй, бэлтгэл сургуулилтыг нь үргэлжлүүлэхийг эцэг, эхэд нь аминчлан захисан гэдэг. Багшийнх нь зөвлөснөөр аав, ээж нь хүүгээ АНУ-д очоод удалгүй хүүгээ Lakeshore Academy гэх гимнастикийн клубт оруулжээ.
Номондалай ядарч цуцахыг үл тоон өөрийгөө дайчлан амжилт өөд мацаж яваа нэгэн. “Би 10 настайдаа гимнастикаар хичээллэж эхэлсэн. Яг энэ спортын хувьд бол дэндүү орой. Хэрэв гимнастикийн тамирчин болохоор шийдсэн бол 5 настайгаасаа эхлэх хэрэгтэй байдаг. Би хожуу эхэлсэн болоод ч тэр үү маш их хөдөлмөрлөх ёстойгоо мэддэг байсан. Долоо хоногийн долоон өдөр бэлтгэл хийдэг байлаа. Зөвхөн Шинэ жил, Зул сар, заримдаа Талархлын баяраар амардаг байсан” гэж ярьжээ.