Нүүр хуудас Спорт Г.Угалзцэцэг: Төрийн далбаагаа ар араас нь мандуулах тэр мэдрэмж гоё

Г.Угалзцэцэг: Төрийн далбаагаа ар араас нь мандуулах тэр мэдрэмж гоё

379
0
одибилдингийн дэлхийн дөрөв, Ази тивийн гурван удаагийн аварга, Гамбагын Угалзцэцэг

МУГТ Г.Угалзцэцэг: Төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэх мөч хамгийн гоё

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн “Явлаа, ирлээ” нэвтрүүлгийн зочноор гавьяат тамирчин Г.Угалзцэцэг оролцжээ. Улиран одсон 2018 оны Монгол түмний бахархал бол яалт ч үгүй бодибилдингийн дэлхийн дөрөв, Ази тивийн гурван удаагийн аварга, Гамбагын Угалзцэцэг билээ. Ингээд түүний ярилцлагаас хүргэж байна. 

Тантай ярилцахын өмнө намтар түүхийг тань судлахад дэлхийн дөрвөн удаагийн аварга юм билээ. Дэлхийн олон удаагийн аварга яагаад ийм нам гүм амьдардаг юм бэ?

-Сая Тайландад болсон ДАШТ-ээс хос алтан медаль эх орондоо авчирч, дэлхийн аваргаас дөрөв, тав дахь алтан медалиа авсан. Мөн өнгөрсөн онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хос медаль хүртсэн. ААШТ-ээс нийтдээ дөрвөн алтан медаль хүртсэн.

-Тайландын Чианг Май хотод болсон бодибилдингийн ДАШТ-д Монгол Улсаас хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцсон бэ. Манай баг тамирчид маш олон медальтай ирсэн?

-Өнгөрсөн онд болсон бодибилдийн 10 дахь удаагийн ДАШТ-д 51 улсын 650 тамирчин 52 ангилалд өрсөлдсөн. Энэ удаагийн ДАШТ маш өргөн хэмжээнд зохион байгуулагдаж, өмнөхөөсөө олон тамирчин оролцсон. Мөн шинээр хэд хэдэн ангилал нэмэгдсэн. Монголоос 14 тамирчин, хоёр албаны хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцож, хоёр алт, дөрвөн мѳнгѳ, гурван хүрэл медаль хүртсэнээс гадна шагналт дөрөвдүгээр байрт хоёр, тавдугаар байрт мөн хоёр тамирчин шалгарсан.

Үүнээс гадна манай холбооны тамирчид өөр бусад улсад болсон олон тэмцээнд эх орноо төлөөлж амжилттай оролцсон. Тэдгээр тэмцээнээс маш олон медаль авсан учир өнгөрсөн онд авсан нийт цом, медалийн тоог нэгтгэж дүгнэхэд холбоонд нэлээд хүндрэл учирсан гэсэн.

ugalzatsetseg
одибилдингийн дэлхийн дөрөв, Ази тивийн гурван удаагийн аварга, Гамбагын Угалзцэцэг

-Монголын бодибилдингийн тамирчид дэлхийд тэсрэлт хийсэн гэсэн үг үү?

-Өнгөрсөн зун бодибилдингийн спортын хамгийн том тэмцээний нэг “Азийн Гран-при Мистер Олимпиа” тэмцээн БНСУ-д болсон. Эл тэмцээнээс манай баг тамирчид маш олон медаль хүртсэн. Мөн Монголоос бодибилдингийн анхны про тамирчин төрсөн. Тэмцээний үеэр БНСУ-д амьдардаг монголчууд ирж тамирчдаа дэмжсэн. Тухайн үед “Монголд бодибилдингийн спорт ямар өндөр түвшинд хүртлээ хөгжчихсөн юм бэ” гээд Өмнөд Солонгосын тамирчид, шүүгчид гайхаж байсан. Монгол Улс бодибилдинг фитнессийн спортоор дэлхийн хэмжээнд маш их нэр хүндтэй болсон.

-Та сүүлд болсон ДАШТ-ээс ямар хоёр төрөлд хос алтан медаль хүртэв?

-Би атлетик төрөл буюу сонгогдог ангилалд оролцдог. Энэ ангилал нь зөвхөн булчингийн массаар дүгнэх бус гоо зүй, өв тэгш байдал зэрэг олон шалгуур үзүүлэлтийг чухалчилдаг. Энэ үндсэн ангилалдаа оролцохоос гадна 30-40 насны ангилалд орсон. Энэ удаагийн ДАШТ-д насны ангилалууд нэмэгдсэн. Энэ оноос эхлэн би 40-ээс дээш насны ангилал оролцоно.

-Таны гол өрсөлдөгчид аль улсын тамирчин байв?

-Энэ жилийн ДАШТ-д Европ тивээс олон тамирчин ирж оролцсон. Тэднээс Бельгийн тамирчин надаас булчингийн масс томтой байсан. Би 2016 онд 1.65м-ээс доош ангилалд ордог байлаа. Миний өөрийн өндөр 1.61 метр. Өнгөрсөн оноос ангиллаа өсгөж 1.65м-ээс дээш өндөртэй тамирчны ангилалд масс ихтэй тамирчидтай өрсөлдсөн. Бельгийн тамирчин надаас сайн масстай ч шүүгчид бүх үзүүлэлтийг харгалзан нэгдсэн дүнгээ гаргаж, би тухайн ангилалд ялалт байгуулсан.

ugalzatsetseg-bodybilding
МУГТ Гамбагын Угалзцэцэг

-Сүүлд болсон ДАШТ-д хэр удаан хугацаанд бэлдсэн бэ?

-Дэлхийн аваргад орох бэлтгэлээ бүтэн жил хангадаг. Одоо ч би бэлтгэлд хамрагдсаар байгаа. Гэхдээ тэмцээн эхлэхээс 3-4 сарын өмнө өдрийн найман цагийг яс бэлтгэлдээ зориулдаг. Одоо болон тэмцээнээс бусад үед тогтмол өдөрт гурван цагийн бэлтгэл хийдэг.

-ДАШТ-ий шүүгчдийн бүрэлдэхүүн дүнгээ гаргахдаа булчингийн масс, гоо зүйгээс гадна бусад ямар үзүүлэлтийг голчилдог вэ?

-Тайзан дээрх зогсолт зөв зүйтэй байна уу, тухайн тамирчны биеийн хөгжил эмэгтэйлэг байж чадаж байна уу гэдгийг голчилдог. Зарим эмэгтэй тамирчны биеийн хөгжил эрэгтэй хүн шиг хөгжсөн байдаг. Тиймээс эмэгтэйлэг байдлаа хадгалж, хөгжүүлж чадсан байна уу гэдгийг гол үзүүлэлт болгодог. Мөн тайзан дээр биеэ авч яваа байдал, үзэгч шүүгчидтэй харьцах харьцаа зэрэг нийт зургаан үзүүлэлт хардаг.

-Монголын тамирчид багийн дүнгээр хэддүгээр байрт орсон бэ?

-Манай бүрэлдэхүүн багийн дүнгээр шагналт байрт орж чадаагүй. Учир нь Монголоос харьцангуй цөөхөн тамирчин орсон. Жишээлбэл, Энэтхэгээс 70 гаруй, Иранаас 60 орчим тамирчин оролцсон. Монголоос зардал мөнгөний асуудлаас шалтгаалаад сүүлийн ДАШТ-д 14 тамирчинтай цөөхөн бүрэлдэхүүн оролцсон ч чанарын хувьд маш өндөр амжилт гаргасан.

-Өнгөрсөн зун Энэтхэг улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн онд ДАШТ арав дахь удаагаа, Азийн АШТ 52 дахь удаагаа зохион байгуулагдсан. ААШТ-д ч мөн атлетик төрөлд өрсөлдсөн. Миний хувьд анхны тивийн аваргад орохдоо л атлетик төрөлд өрсөлдөж эхэлсэн. Би жил бүр 55 кг-ийн ангилалд оролцдог. Энэ жилийн ДАШТ-ий хувьд 54 кг-д өрсөлдсөн. Ингэснээр илүү их жин хасаж, тэр хэрээр булчингийн ялгарал бий болгосон гэсэн үг. Ингэсний үр дүнд тайзнаас булчин илүү том харагддаг.

-Бодибилдингийн тамирчид булчин сайтай бол гол шалгуур үзүүлэлтээ хангачихдаг гэсэн бодол хүмүүсийн дунд байдаг. Булчингаа, биеийн харьцаагаа гоё харагдуулахын тулд ямар бэлтгэл хангаж, тэмцээнд орохоос хэд хоногийн өмнө дэглэм сахидаг вэ?

-Дэглэм гэвэл зохистой хооллолт, эрүүл зөв хоол хүнс хэрэглэх ёстой. Цагаан гурил, ундаа, жүүс зэрэг амттан хүнс огт хэрэглэдэггүй. Голдуу мах, ногоогоор хооллодог. Ус их хэмжээгээр уудаг. Тэмцээний өмнө бүр нарийн хоолны дэглэм барьдаг. Ингэхдээ цагаар хооллож, хоолоо граммаар иддэг. Гэхдээ эрэгтэй эмэгтэй, ямар ангилалд өрсөлдөж байгаагаас шалтгаалаад тамирчин болгоны хувьд өөр. Мөн тэмцээнд орохынхоо өмнө нүүрс усны хэмжээгээ хасна. Будаа, төмс зэрэг хүнс огт хэрэглэхгүй. Тэмцээн эхлэхээс нэг хоногийн өмнө тухайн тамирчны бэлтгэлээс хамаараад усаа хасах шаардлага гардаг. Миний хувьд өнгөрсөн жил ус хасаагүй.

-Усаа хасахаар ямар үр дүнтэй вэ?

-Тамирчид тэмцээнд орохын өмнө усаа хассанаар биеэ хатааж өгдөг. Биеэ хатаах тусам аргуун болдог. Ерөнхийдөө биеэ аргаадаг. Миний хувьд жингээ тултал хассан учир тэмцээндээ усаа хасаагүй орсон. Зарим тамирчин өөрийгөө болоогүй байна гэж үзвэл усаа хасаж ордог.

-Хос алтан медаль хүртсэний дараа шүүгчид болон зохион байгуулагчид таныг хэрхэн үнэлж байв?

-Би яг өөрийгөө магтаж байгаа зүйл биш л дээ. Урьд нь гурван удаа дэлхийн аварга болсон байсан. Тэмцээнд оролцохоор очиход бүх тамирчин надаас асуусан л даа. Зарим нь “яагаад бас хүрээд ирэв”, “1.65 метр-ээс дээш ангилалд оролцох уу. Эсвэл доош ангилалд орох гэж байна уу” гэж асууж байсан. Мөн зарим шүүгч “Ахиад дэлхийн аварга болохоор ирэв үү” гэсэн асуулт тавьсан. Тайзанд гарахад, буугаад ирэхэд шүүгчид баяр хүргээд үнэхээр аварга юм байна гэж хандаж байсан.

-Дэлхийн аварга болоход хэдий хэмжээний мөнгөн шагнал дагалддаг вэ?

-Азийн аварга болон дэлхийн аваргаас медаль хүртэхэд мөнгөн шагнал дагалддаггүй. Зөвхөн нэр хүндийн тэмцээн учир бид төрийн дууллаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулж улсаа сурталчилдаг. Мэргэжлийн тэмцээнүүд мөнгөн шагнал олгодог. Хэрвээ бид мэргэжлийн тэмцээнд өрсөлдөөд, мэргэжлийн ангилалд орсон тохиолдолд аль улсыг төлөөлж оролцож байгаа нь хамаагүй байдаг. Тухайн тамирчин зөвхөн өөрийн алдар нэрийг хөөнө.

Харин сонирхогчийн ангиллын тамирчид эх орондоо очихоор шагнах тохиолдол байдаг. Би анх ДАШТ-ээс алтан медаль авахад БНХАУ-ын тамирчин мөнгөн медаль хүртсэн. Дараа жилийн дэлхийн аваргаар урд хөршийн нөгөө тамирчин шүүгч болчихсон байсан. Би яагаад тэмцээнд оролцоогүйг нь асуухад “Ахиж тэмцээнд оролцох шаардлага байхгүй. ДАШТ-ээс мөнгөн медаль авсан болохоор амьдралынхаа бүхэл асуудлыг шийдсэн” гэж байсан. Тэгэхээр тухайн улс орноос нь шалтгаалаад тамирчдаа шагнаж урамшуулдаг юм билээ.

-Засгийн газрын тогтоолоор тив, дэлхийн аваргад түрүүлсэн тамирчдад мөнгөн шагнал олгодог. Та энэ шагналаа авч эхэлсэн үү?

-Бид нарт тийм мөнгөн шагнал олгодоггүй. Анх дэлхий аварга болсны дараа, хошой аварга болоход хүмүүс надаас “Шагналын мөнгөө авсан уу. Мөнгөн шагналаа юунд зарцуулах гэж байна” гэж асуудаг байсан. Үнэнийг хэлэхэд улсаас би нэг ч удаа мөнгөн шагнал аваагүй. Нутаг орноос, найз нөхдөөс урамшуулж гоё бэлэг, шагнал өгдөг.

-Танай холбооны тамирчид хувиасаа зардлаа гаргаад тэмцээн уралдаанд оролцоход санхүүгийн асуудал тулгардаг байх?

-Мэдээж хэрэг хэцүү байдаг. Миний хувьд эхний жилдээ бусад тамирчидтай адил өр тавиад тэмцээнд ордог байсан. Одоо бол хувийн багш хийдэг. Клубээ нээсэн учир хангалттай хэмжээний зардал мөнгөө өөрөөсөө гаргаад гадны улсад болж буй тэмцээнд оролцдог. Бусад тамирчдын хувьд өр тавиад явдаг санхүүгийн асуудал бий. Мөн олон сайн тамирчид гадаадад зохион байгуулагдаж буй тэмцээнд зардал мөнгөний асуудлаас болж оролцож чаддаггүй.

-Та өөрийн оролцох гэж буй дараагийн том тэмцээнийхээ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ жил ААШТ-д оролцохгүй. Дэлхийн аваргад орно. Гэхдээ энэ оны нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаж амжаагүй байна. Хувийн амьдрал, бусад асуудалдаа зөв чөлөө гаргах үүднээс нэг жил завсарлах шаардлага тулгарсан. Гэхдээ оны эхэнд асуудлуудаа шийднэ.

ugalzatsetseg-01
одибилдингийн дэлхийн дөрөв, Ази тивийн гурван удаагийн аварга, Гамбагын Угалзцэцэг

Танд бодибилдингийн мэргэжлийн тэмцээнд оролцох зорилго бий юу?

-Тийм бодол байгаа. Гэхдээ Ази тив, дэлхийн олон удаагийн аварга болмоор байна. Төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх бол хамгийн гоё мөч. Мэргэжлийн тэмцээнд угаасаа оролцоно. Тэрний өмнө ААШТ, ДАШТ-д хэд хэдэн удаа орох төлөвлөгөө бий. Бодибилдингийн тамирчид мэргэжлийн нэг тэмцээнд орсон тохиолдолд эргэж тив, дэлхийн аваргад оролцох боломжгүй. Зөвхөн мэргэжлийн тэмцээнүүдэд оролцох ёстой.

-Та Азийн болон дэлхийн олон тэмцээнд оролцож байхдаа Монгол хүн болж төрснөөрөө бахархаж байв уу. Монгол хүнд тусгай өгөгдөл байдаг уу?

-Байдаг. Маш их бахархдаг. Тайзан дээр гарах маш гоё байдаг. Би тайзан дээр гараад медаль авахаараа уйлж чаддаггүй. Харин бусад тамирчин маань медаль авахад тайзны ард байхдаа уйлдаг. Сүүлийн ДАШТ-д оролцоход Тайландад амьдардаг Монголчууд ирж тамирчдаа дэмжсэн. Тайзнаас буухад монгол дэмжигч, үзэгчид маань уйлчихсан байдаг.

-Хос алтан медаль авах үеийнхээ сэтгэл хөдлөлөөс хуваалцаач?

-Мэдээж гоё. Би медалиудаа ар араас нь авсан. Эхний медаль, цомоо аваад тайзнаас буухад ахин нэрийг минь дуудсан. Эргэж тайзанд гараад ахин алтан медаль авахад үнэхээр гоё мэдрэмж төрдөг. Мөн төрийн далбаагаа ар араас нь мандуулах тэр мэдрэмж гоё байдаг.

-Таныг өмнө гэрэл зурагчин байсан гэж сонссон. Тэгтэл одоо дэлхийн дөрвөн удаагийн аварга тамирчин боллоо. Үүний ард маш их хүч, хөлс, хөдөлмөр, тэвчээр бий. Та залууст хандаж юуг зөвлөх вэ?

-Хамгийн чухал нь хүн өөрийн сонирхдог зүйлээ хийхээр чин сэтгэлээсээ зүтгэж, ард нь гарахыг зорьдог. Тэрнээс хэчнээн их мөнгө олдог гоё мэргэжил байлаа гээд тухайн хүн өөрөө сонирхолгүй бол цаг нөхцөөх, мөнгө олохын тулд явдаг, амьдралаас авах баяр баясал нь яваандаа алга болдог юм шиг санагддаг. Би 06:00 цагт ажил руугаа яарч гардаг, шөнийн 12:00 цагт гэртээ зөвхөн унтахын тулд л очдог. Клуб маань яг л миний гэр орон гэсэн үг. Би ихэнх хувцсаа клубдээ авчирчихсан. Клуб маань гал тогооны өрөөтэй учир тэнд тогоо, шанага бүх зүйл бий. Мөн нөхөр, хүүхдүүд маань өдөртөө клубт ирж, бэлтгэлээ хийдэг учир тэндээ л гэр бүлээрээ хооллодог учир клубтээ амьдардаг гэхэд болно.

-Та өнгөрөгч 2018 оныг тун товчхоноор тодорхойлооч?

-Үнэхээр сайхан. Амжилт бүтээлээр дүүрэн байсан. Зорьсон бүхнээ төлөвлөгөөнийхөө дагуу хэрэгжүүлсэн. Ер нь сүүлийн хэдэн жил сайхан өнгөрсөн.

Ярилцсан: Ц.Цэнд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here