Засгийн газрын хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
-“Монгол, Оросын хамтын ажиллагаа 2017” эдийн засгийн чуулга уулзалтыг 2017 оны 10 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо. -Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралтаар шинэчлэн баталлаа. Энэ нь хууль тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулах, салбарын хөгжлийн стратеги тодорхойлох, бодлогын удирдамжаар хангах, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах зэргийг хамарсан стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлох зорилготой юм.
-Үндэсний спортын YI их наадмыг энэ оны III улиралд багтаан орон даяар зохион байгуулахаар боллоо. Их наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, шигшээ тэмцээнд оролцох баг, тамирчдын зардлыг төсөвтөө тусгаж санхүүжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгав.
Их наадамд бүх аймаг, дүүрэг, хүчний болон хууль сахиулах байгууллагын Биеийн тамир, спортын хороо зэрэг 35 байгууллагын тамирчид оролцох юм байна.
Их наадмын хүрээнд мөсний шагай, мөсөн дээрх сурын харваа, тэмцээн болон морин поло, үндэсний бөх, сур, буриад, урианхай сур, ширээний шагай, уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн, эмнэг булгиулах, жороо морины уралдаан, тэмээ, бүргэдийн баяр, сарлагийн уралдаан болох юм.
-Зүүн Азийн Залуучуудын II наадмыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган ажиллахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг даргад даалгаж, шаардлагатай санхүүжилтийг 2019 оноос эхлэн улсын төсөвт тусган, олон улсын хөтөлбөр, тусламжаас санхүүжүүлэх боллоо.