Ирландын алдарт тамирчин “UFC”-ийн хагас хөнгөн болон хөнгөн жингийн тулаанч Конор Макгрегор спортын карьераа дуусгахаар шийдвэрлэсэн тухайгаа “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тэр мэргэжил нэгтнүүддээ амжилт хүсэхийн ялдамд карьераа дуусгасан тамирчидтайгаа хэдийн нэгдэж нийлээд байгаагаа илэрхийлсэн байна.
Гэвч тэр иймэрхүү карьераа дуусгаж байгаа тухай мэдээллийг 2016 оны дөрөвдүгээр сард мөн “Twitter” хуудсаараа мэдэгдэж байсан удаатай билээ. “Би их спортоосоо залуугаараа явахаар шийдлээ. Бүгдэд баярлалаа, дараа уулзъя” хэмээн тэр үед бичиж байв.
Хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр “Цохиж чадахгүй болох хүртлээ тулалдана” гэж хэлж байсан ч удаатай.
Эргэн сануулахад Конор Макгрегор 2018 оны аравдугаар сард ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедовтай тулалдаж ялагдал хүлээж байв.
Дэлхийн хамгийн их орлоготой тамирчин, хамгийн загварлаг тамирчин, Ирландын хамгийн алдартай тамирчин гээд түүний алдар нэрийг дуурсаад ч барахгүй билээ.