Нүүр хуудас Спорт МҮСБХ-ны 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний улирлын тоглолтууд үргэлжилж байна

МҮСБХ-ны 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний улирлын тоглолтууд үргэлжилж байна

586
0
МҮСБХ-ны 21 аймгийн “Үндэсний лиг
МҮСБХ-ны 21 аймгийн “Үндэсний лиг
Лигийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй Ховд аймгийн “Ховд Алтан Аргаль” баг Дундговь аймагтай улирлын тав дахь тоглолтоо хийв.

Ховд аймаг эгнээндээ Үндэсний супер лигийн “Альянс Тех Харцага” багийн хүчний довтлогч П.Болортулгыг нэгтгэсэн аж. Тоглолт тэнцүүхэн эхэлсэн ч Д.Мөнхтүвшингээр ахлуулсан Ховд аймгийн баг эхний хагаст бага зэрэг давамгайлсан юм. Гурав, дөрөвдүгээр  үед өрсөлдөөн улам хүчтэй өрнөсөн ч эцсийн мөчид “Ховд Алтайн Аргаль” өрсөлдөгчөө 87:80-аар хожин, улирлын гурав дахь ялалтаа авлаа. Тус тоглолтод ОУХМ Д.Мөнхтүвшин 24 оноо авч, багаа тэргүүлсэн юм. Мөн Отгонжаргал 14, Азбаяр 12 оноо авчээ. Харин улирлын эхний тоглолтоо хийсэн П.Болортулга 23 минутыг талбайд өнгөрүүлсэн ч оноо авч чадаагүй байна.

Энэ өдрийн хоёр дахь тоглолтод Увс аймгийн “Увс Нуур”, Хэнтий аймгийн “Хэнтий Эбэг Хасумегаватт” багтай учраа таарав. Хэнтий аймгийн залуус хоёр хожилтой яваа бол “Увс Нуур” өмнөх дөрвөн тоглолтоос хараахан хожил авч амжаагүй явсан юм. Эл тоглолтод Увс аймгийн уугуул сагсан бөмбөгч Баяртулга багтайгаа нэгдсэн нь таатай мэдээ байлаа. Увс аймгийн залуус эхний хожлоо аван гэсэн итгэл дүүрэн тоглолтыг эхлүүлсэн.

Тэднийг тоглолт бүрийг Спортын төв ордонд хүрэлцэн ирж үздэг хөгжөөн дэмжигчид нь  ч аль хэдийнэ суудлаа эзэлсэн байлаа. 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн эхний тоглолтоо хийж буй Баяртулга нэгдүгээр үед багаа довтолгоонд чирч, 10 оноог эхний үед авав. Хоёрдугаар үед “Увс нуур” багаас Билгүүн, Нямбаяр нар сайн тоглолт үзүүлсэн юм. Гэхдээ онооны тэргүүлэл Хэнтий аймгийн талд явлаа.

Харин гуравдугаар үед  21 аймгийн “Үндэсний лиг”-т тун жигд сайн тоглолт үзүүлээд буй “Увс Нуур” багийн тоглогч Цэндээгийн Баянмөнх будагтай талбай, самбар дор шахсан тоглолт багтаа сэргэлт авчирсан юм. Улмаар дөрөвдүгээр үеийн төгсгөл хүртэл хоёр багийн өрсөлдөөн улам ширүүссэн. “Увс Нуур” багаас Б.Лхагва-Очир хэрэгтэй үед алсын зайн шидэлтээ байнд нь тусгаж багтаа хүч нэмсэн юм. Улмаар Баяртулга, Баянмөнх нар тоглолтын төгсгөлийг сайн хийж, “Увс Нуур” улирлын эхний хожлоо байгуулав.
Тус тоглолтод Баяртулга 25 оноо, Билгүүн 17 оноо, Баянмөнх 17 оноо, есөн самбар авсан юм. Харин Хэнтийгээс 25 оноо, 10 самбар, Шижирбат 17 оноо, 6 оновчтой дамжуулалт өгчээ.

Сүүлчийн тулаан сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байсан. Учир улирлын хожигдолгүй итгэл төгс тэргүүлж явсан Орхон аймгийн “Эрдэнэт Икон”, Архангай аймгийн “Алтан Дорнодын Дайчид” оноолт таарчээ.

Тоглолтын эхний хоёр үе тун тэнцүүхэн өрнөсөн. Улмаар гуравдугаар үеэс “Эрдэнэт Икон” бага зэрэг давамгайлал авсан юм. Шийдвэрлэх сүүлийн 10 минутад архангайчууд төдийлэн өрсөлдөөн үзүүлсэнгүй. Улмаар “Эрдэнэт Икон”  учраагаа 85:72-оор хожин улирлын тав дахь ялалтаа байгуулсан юм. Ийнхүү тэд ганцаараа нэг ч хожигдоогүй 100 хувийн амжилттай улирлыг тэргүүлж байна. Тус тоглолтод А.Сумъяа 20 оноо 6 самбар авсан бол А.Уинстон 19 оноо, Оргилболд 15 оноо авчээ. Харин Архангай аймгийн багаас Ц.Мэргэн 18, Э.Цэвэлдорж 17, Г.Баттөр 10 оноо, 12 оновчтой дамжуулалт өгсөн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here