Сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулааны тов тодорлоо.Н.Төгсцогт арваннэгдүгээр сарын 18-нд мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мэйведерийн “Mayweather Promotions” клубын тамирчин, АНУ-ын Хавьер Аугустин Мартинестай тулалдана.Калифорниа мужийн Сакраменто хотноо төрсөн Хавьер Мартинес энэ жил 19 настай. Манай тамирчин Н.Төгсцогт 25 настай. Хавьер Мартинес мэргэжлийн рингэнд 10 удаа тулалдаж, бүгдэд нь ялсан. Ингэхдээ зургаан тулааныг КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялсан. Биеийн өндөр нь 173 см. KING TUG хэмээх дэвжээний нэрээрээ алдаршиж буй Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийж, бүгдэд нь нокаутаар өрсөлдөгчөө ялсан.Хэн хэн нь мэргэжлийн рингэнд ялагдал амсаж үзээгүй, амбиц их, нас залуу, ирээдүйн зорилго том хоёр боксчны тулаан тун сонирхолтой болох нь гарцаагүй ба мэргэжлийн тулааны карьерт нь чухал үзүүлэлт нэмэх учиртай. Тэдний тулаан АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотын The Cosmopolitan цогцолборт болно. Тулааны тасалбар www.ticketmaster.com сайтад 29 -149 ам.доллараар зарагдаж эхэлжээ.