2004 оноос эхлэн МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан “Москва-1980” зуны XXII олимпийн наадмын мөнгөн медальт, Ардын Багш, Гавьяат Тамирчин, улсын начин “Өсөх идэр” Цэндийн Дамдин өнөөдөр бурхны оронд заларлаа. Энэ тухай түүний ойр дотныхон болон спортын салбарынхан цахим хуудастаа бичиж, эмгэнэл илэрхийлсээр байна.
Цэндийн Дамдин нь 1957 оны 03 дугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт мэндэлж, 1974 онд 10 жилийн дунд сургуулийг дүүргэн МУИС-д элсжээ. Улмаар их сургуулийнхаа бөхийн дугуйлангаас спортын гараагаа эхэлсэн түүхтэй аж. Тэрээр 1976 онд Спортын төв ордны самбо, жүдо бөхийн залуучуудын улсын шигшээ багт орж, сар гаруй хугацаанд бэлтгэл хийсний дараа үндэсний шигшээ баг руу шилжсэн байна.
Ингээд Үндэсний шигшээ багийн тамирчны хувьд эх орноо төлөөлөн “Москва-1980” зуны XXII олимпийн наадамд амжилттай оролцож, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн юм. Энэ нь Монголын жүдо бөхийн түүхэн дэх Олимпийн наадмын анхны медаль болж байсан билээ.
Мөн жүдо бөхөөс гадна самбо бөхийн спортоор хичээллэж залуучуудын болон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга цолыг хүртэж байсан. Үүнээс гадна Үндэсний бөхөөр барилдаж 1984 онд П.Дагвасүрэн арслангаар тав давж улсын начин цол хүртээд 1988 онд Ж.Мөнхбат аваргаар тав даван улсын начин цолоо батлан “Өсөх идэр” чимэг хүртэж байжээ. Түүний энэхүү амжилтыг төр засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын гавьяат тамирчин, ардын багш зэрэг цол тэмдгээр шагнаж байсан юм. Тэрээр Уул уурхайн инженер, Биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй. 2000-2004 онд Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болох болтугай.