Нүүр хуудас Спорт Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий хот хүртэлх замыг 240 цагт туулжээ.

Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий хот хүртэлх замыг 240 цагт туулжээ.

398
0

Анх алдарт Шри Чинмой 1995 онд анх санаачилсан Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence”  нээлттэй тэмцээн өндөрлөлөө. АНУ-ын Нью-Йорк хот дахь Флашинг Медов цэцэрлэгт хүрээлэнд Дэлхийн болон Америкийн гүйлтийн холбооны албан ёсны зам дээр  явагдсан энэ жилийн тэмцээнд 24 орны 70 гүйгчид өрсөлдсөн бөгөөд манай тамирчин Б.Буджаргал 10 өдрийн гүйлтийн ангилалд   дөрөв дэх удаагаа оролцож түрүүллээ. Тэмцээн зохиогдох болсноос хойш тодорсон 22 аваргыг амжилтаар нь эрэмбэлэхэд Б. Буджаргал тавдугаарт бичигдэж байгаа юм. Манай тамирчдаас Д. Баярсайхан /эмэгтэй 10 өдөр/ 685.6 км-ээр 8 дугаар байрт, Аванаяаха Цэндээ /эмэгтэй 10 өдөр/ 436.1 км, Ж.Одгийв /эрэгтэй 6 өдөр/ 455.4 км, Л. Сумъяа /эмэгтэй 6 өдөр/ 246.2 км тус тус гүйж бариандаа орлоо. Тэмцээний хамгийн ахмад нь 73 настай ОХУ- ын эмэгтэй гүйгч Пратишрути 6 өдрийн турш 370.1 км гүйсэн байна. Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тамирчдын тойргийг тоолох шүүгчдийн баг, гүйгчид богино хугацаанд унтаж амрах, хэрэгцээт хүнс тэжээлээ нөхөн сэлбэх, эмнэлгийн түргэн тусламж, биеийн байдлаа тогтмол хянуулах бариа засал-эмчийн баг, 24 цагийн туршид хоол, хүнсээр тасралтгүй хангах баг, амраах, үйлчилгээний баг гээд гүйлтийг саадгүй явуулах бүхий л нөхцлийг хангажээ. Тэмцээнд хамгийн хол гүйсэн манай тамирчин Б.Буджаргалын туулсан 1189.3 км зай Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий хот хүртэлх замын урттай тэнцэх юм. Энэ зайг тэрээр 10 өдрийн турш буюу 240 цагийн дотор туулж барианд орсноор өөрийн өмнөх амжилтыг энэ жил 218.9 км-ээр ахиулжээ. Тэргүүн байрын шагналын цомыг түүнд Монголоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч, Элчин сайд хатагтай А.Гуамарал гардуулсан байна.

Дэлхийн аваргын цомыг хүртэн Монгол хүний тэсвэр тэвчээрийг Дэлхийд харуулж чадсан тамирчин Буджаргал эх орондоо ирэхэд МҮОХороо, МЗХолбоо, МТСГазар, Марафон гүйлтийн Холбоо, “Гурван гал” эмнэлгийн удирдлагууд болон аав, ээж, найз нөхөд, төрөл төрөгсөд нь угтан авч хүндэтгэл үзүүллээ.

Уг арга хэмжээний үеэр түүнийг МЗХ-ноос “Тамирчны алдар” медалиар шагнасан бөгөөд  “Хүүхдийн элч” дуучин, МУСТА ноён Бондгор, “Нарны жим” киноны дуугаараа олны танил болсон дуучин О. Гантулга, ҮДБЭЧуулгын дуучин Т. Өлзийсайхан нар ая дуугаа өргөсөн юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here