Нүүр хуудас Спорт Улс тунхагласны ойн барилдаанд Улсын Аварга Санжаадамба түрүүллээ

Улс тунхагласны ойн барилдаанд Улсын Аварга Санжаадамба түрүүллээ

330
0
Улсын Аварга Санжаадамба
Улсын Аварга Санжаадамба
Бүгд найрамдах Монгол улсаа дэлхий дахинд тунхаглан зарласны түүхт 92 жилийн ойн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, Ажнай группийн бөх Монгол улсын аварга Ч.Санжаадамба найм даван түрүүллээ.

Тэрээр улсын наадам, цагаан сарын барилдааны дараа нэрлэгддэг чансаа өндөр энэхүү барилдаанд дөрөв дэх удаагаа түрүүлж буй юм. Увс аймгийн Давст сумын харьяат, Алдар спорт хороо, ДЦС компаний бөх, Монгол улсын арслаөн П.Бүрэнтөгс долоо даван үзүүрлэв. Аварга арсланг хавирч тэнцвэр алдуулаад ард нь гарч тэр чигт нь түрээд давсан юм. Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, Хемон констракшн, Сүхбаатар аймгийн ОБХ-ийн бөх, улсын арслан Н.Батсуурь, Булган аймгийн Сайхан сумын харьяат, Олимпийн аварга улсын харцага Н.Түвшинбаяр нар шалгарав.

УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тэргүүтэй төр засгийн өндөрлөгүүд олноор хүрэлцэн иржээ. Мөн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ч индэрт тухлан барилдаанаа үзэж сонирхов.

Наадмаас хойш бөхийн өргөөнд зодоглож амжаагүй явсан Олимпийн аварга Түвшинбаяр үнэхээр сайн байж, таавар эвдсэн барилдаануудаар бэлэг барилаа. Тэрээр гурвын даваанд а.а У.Батгэрэлийг, дөрөвт а.а Т.Бэгзсүрэнг, тавд у.г Б.Гончигдамбыг, зургаад у.з Б.Пүрэвсайханыг тус тус давж их шөвөгт Санжаадамба аваргын бусгах мэхэнд өвдөг шороодлоо. Мөн а.а, дэлхийн аварга Х.Цагаанбаатар ч зодоглож  харагдав. Ерөнхийдөө өнөөдрийн барилдаанд энэ цагийн шилдэг хүчтэнүүд олноор зодоглож, нэлээд чансаа өндөр сайхан барилдаан болсон юм.

Өнөөдрийн хамгийн дуулиантай барилдаан бол мэдээж арслан Бүрэнтөгс арслан Пүрэвдагвыг амалсан явдал байлаа. Тэд наадмаас хойш Өвөрмонголд болсон Алтанбүс наадам дээр таарч барилдан Пүрэвдагва давсан бол энэ удаа Бүрэнтөгс арслан давлаа. Тэд хойшдоо олон ч барилдана даа.

Зургаагийн даваа

1.    Ч.Санжаадамба у.ав–Н.Золбоо а.х.а

2.    П.Бүрэнтөгс у.а–Р.Пүрэвдагва у.а

3.    Н.Батсуурь у.а–Т.Баасанхүү у.х

4.    Б.Пүрэвсайхан у.з –Н.Түвшинбаяр у.х

Долоогийн даваа

1.    Ч.Санжаадамба у.ав –Н.Түвшинбаяр у.х

2.    П.Бүрэнтөгс у.а–Н.Батсуурь у.а

Наймын даваа

1.    Ч.Санжаадамба у.ав–П.Бүрэнтөгс у.а

/түрүүлсэн/                         /үзүүрлэсэн/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here