Мэргэжлийн сүмогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж өнгөрсөн сарын 25-нд нутаг нэг бөх Таканоива А.Баасандоржийг пивоны шилээр цохисон гэх хэрэгт холбогдоод байгаа билээ. Японы Мэргэжлийн сүмогийн холбоо Харүмафүжи аварга болон түүний багшаас болсон хэрэг явдлын талаар тайлбар авсан бөгөөд ямар шийтгэл оноохыг шийдээгүй байгаа аж. Мөн тус холбооны удирдлагууд энэ сарын 26-нд Кюүшюү башё дууссаны дараа уг эцсийн шийдвэрээ гаргах гэнэ.
Мөн мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргал болсон үйл явдлын талаар “Би тэр явдлын үеэр хамт байсан. Харумафүжи аварга Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр цохисон асуудал байхгүй. Гартаа шар айрагны шил барьсан байсан нь хаа нэгтээ цохигдож хагарсан” хэмээн тайлбар өгчээ. Мөн тэрбээр “Намайг маргаан салгасны дараа хоёр бөх хоорондоо ойлголцож, Таканоива их аварга Харумафүжигээс уучлал гуйсан. Маргааш өдөр нь тэд харилцан бие биенээсээ уучлал гуйсан” гэжээ.
Үүнээс гадна сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж ч өөрийн твиттер хуудаснаа “Харумафүжи аварга нутаг нэг бөхтэй маргасан ч пивоны шилээр цохиогүй. Тэнд байсан хүмүүсээс асуулаа” гэх утгатай жиргээ нисгэсэн.
Таканоива гэмтлийн улмаас энэ удаагийн Кюүшюү башёд оролцоогүй хэмээн Японы хэвлэлүүд мэдээлсэн. Гэхдээ А.Баасандорж хэрэг явдал болсон өдрийн маргааш тойргийн барилдаанд барилдаж ялсан аж. Энэ талаар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж буй Рюүё Э.Санчирболд өөрийн фэйсбүүктээбичжээ. Тэрбээр “Их аварга Харумафүжи архины халуундаа эсвэл уурнаас болж өөр бөхөд хүнд гэмтэл учруулах хүн биш гэдгийг хүмүүс мэднэ” гэжээ.
Уг нь энэ сарын башёд сүмогийн энэ цагийн дөрвөн их аварга зодоглохоо мэдэгдээд байсан. Үзэгчид дөрвөн аваргаа нэг дэвжээнд харахын хүслэн болоод байсан билээ. Гэвч их аварга Анандын бэртэл сэдэрч уг башёг өнжихөөр болсон. Ийн араас нь зохисгүй үйлдэл гаргасан хэрэгт холбогдсон Харумафүжи аварга өөрийн хүслээр Кюүшюү башёг орхилоо.
эх сурвалж: Өглөөний сонин