Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Монгол Улсын алтан соёмбот далбаа Парисын тэнгэрт мандлаа.

Монгол Улсын алтан соёмбот далбаа Парисын тэнгэрт мандлаа.

323
0

Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ П.Орхон алтан медаль хүртлээ.

“Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн эхний өдөр Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гранпри”-гийн хүрэл, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс долоо дахь алтан медалийг авчирч, эх орон, элэг нэгтнүүдээ баярлууллаа.  Парисын дэвжээнд эхлээд 2012 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр яллаа. Тэрбээр “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Европын аварга Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, 1/4 шигшээд Африк тивийн долоон удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр, хагас шигшээд “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Пан Америкийн наадмын алт, хүрэл медальт, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр (13:0), алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулав.
Өдгөө 24 настай П.Орхон чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин болсон юм. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов “Стамбул-1974, Минск-1975”, Хорлоогийн Баянмөнх “Минск-1975”, Соронзонболдын Батцэцэг “Москва-2010”, “Лас Вегас-2015”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Ташкент-2014”-д дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байв.

Барилдсан манай  бүсгүйчүүдээс 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг найм, 58 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг 12, 75 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ган-Очирын Уртнасан 8-р байр эзэллээ. Эхний өдөр 55 кг-д алдарт Саори Ёшидагийн залгамжлагч гэгдээд буй Японы 18 настай охин Харүна Окүно, 58 кг-д “Рио-2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт АНУ-ын алдарт бөх Хелен Марулис, 75 кг-д энэ жилийн Европын аварга Туркийн Ясемин Адар нар түрүүлэв.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭХНИЙ ӨДРИЙН БАЙДЛААР:
55 кг (24 бөх): 
1. Харүна Окүно Япон, 2. Одуня Адекурой Нигери, 3. Бека Литерс  АНУ,  Ирина Курашкина Беларусь.
58 кг (27): 1. Хелен Марулис АНУ, 2. Марва Амри Тунис, 3. Мишель Фаззари Канад , Айсулуу Тыныбекова Киргизстан.
63 кг (23): 1. Пүрэвдоржийн Орхон Монгол, 2. Юлия Ткач Украин, 3. Жаклин Рентериа Кастильог Колумб, Валерия Лазинская ОХУ.
75 кг (23): 1. Ясемин Адар Турк, 2. Василиса Марзалюк Беларусь, 3. Хироэ Сүзүки  Япон , Жюстина Ди Стасио Канад.

П.Орхон шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3 оноогоор ялсанаар Дэлхийн аварга боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here