Болгарын Пловдив хотод сонгомол барилдааны эрэгтэй чөлөөт бөхийн Ахмадын ХIХ дэх ДАШТ үргэлжилж байна. Бямба гарагт чөлөөт бөхийн “С”, “Д” ангиллын бөхчүүдийн барилдаан болсон бөгөөд манай улсын зургаан бөх дэвжээнд гарсан аж. Эдгээрээс “С” ангиллын 70 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Х.Нямдорж нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Ираны Алиреза Голамхоссейн Жафар, гуравдугаар тойрогт Эстонийн бөх Роберто Эстевис Алварезаг дараалан цэвэр ялсан байна.
Хагас шигшээ барилдаанд Италийн бөх Антонио Каландраг 11:1 онооны харьцаагаар хожиж, алтан медалийн төлөө Туркийн бөх Назир Баруцотой таарсан байна. Энэхүү өрсөлдөөнд Х.Нямдорж 4:0 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авч ахмадын Дэлхийн аварга болсон байна. Ийнхүү тэрбээр 2014 онд Сербийн Белград хотод авсан мөнгөн медалийнхаа өнгийг чанаржуулжээ. Х.Нямдорж нь Монголын чөлөөт бөхийн ахмад бөхчүүдээс ДАШТ-нээс алтан медаль хүртсэн 5 дахь бөх болж байгаа юм.