Нүүр хуудас Спорт УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Үндэсний бөхийн холбоог тойрсон асуудлуудад хариу өглөө

УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Үндэсний бөхийн холбоог тойрсон асуудлуудад хариу өглөө

1800
0

Сүүлийн үед Монголын Үндэсний Бөхийн холбоог тойрсон элдэв асуудлууд олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Энэ асуудалд УИХ-ын гишүүн, МҮБХ-ны тэргүүн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООГ ТОЙРСОН АСУУДЛУУДАД ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ОЛНЫ ЭРГЭЛЗЭЭГ ТАЙЛАХ НЬ ЧУХАЛ БОЛООД БАЙНА ЧУХАМ ХЭН НЬ АЛБАН ЁСНЫ ТЭРГҮҮН БЭ?

Б.БАТ-ЭРДЭНЭ: Монголын Үндэсний Бөхийн холбоо хэмээх байгууллага нь /МҮБХ/ анхлан 1990 онд эвлэлдэн нэгдэж байгуулагдсан бөгөөд шинэ Ардчилсан нийгмийн харилцаанд орсон хамгийн анхны иргэний нийгмийн байгууллагуудын нэг юм. МҮБХ нь үндэсний хэмжээний бүтэц зохион байгуулалттай, үйл ажиллагааны хувьд жигдэрсэн хорин найман жийлийн түүхтэй байгууллага. Мөн Олон улсын олимпийн хороо болон бусад спортын холбооны жишгийн дагуу дөрвөн жилд нэг удаа ээлжит “Их Эе”-ээ зохион байгуулж, хуралддаг зарчимтай. Гэтэл бидний маргаан 2002 он буюу ээлжит дөрөвдүгээр “Их Эе”-ээс эхэлсэн юм. Гуравдугаар сарын 24-ний өдөр ээлжит наймдугаар “Их Эе” хурлыг зохион байгуулсан. Уг хурлаар МҮБХ-ны дүрэм журам, бүтэц зохион байгуулалтыг хэлэлцэж, удирдлагуудаа албан ёсоор сонгосон болно.

МҮБХ-НЫ НАЙМДУГААР “ИХ ЭЕ”-ИЙН НЭГДСЭН ХУРЛААР ШИНЭ ХУУЛЬ, ДҮРЭМД ХЭРХЭН ӨӨРЧЛӨЛТ ХЙИСЭН БОЛ?

Б.БАТ-ЭРДЭНЭ: Холбооны хуучин хуульд МҮБХ-ны тэргүүн гэдэг эрх мэдлийн хэмжээ өндөр, гол ажлыг өөрөө мэдэн хийж хэрэгжүүлдэг байсан үе. Тодруулбал гүйцэтгэх удирдлагын албан тушаалыг давхар хэрэгжүүлж, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг /ТУЗ/ даргалдаг тогтолцоотой байсан юм. Харин Монголын Үндэсний Бөхийн холбооны шинэ хууль  батлагдсанаар гүйцэтгэх удирдлага болон гүйцэтгэх захирал “цэцдийн зөвлөл”-ийн дарга нь тусдаа болсон. Миний хувьд МҮБХ-ны тэргүүн гэж байгаа ч Монгол бөхийн өргөөнд тусгай зориулсан өрөө танхим, цалин хангамжийн асуудал байхгүйгээр ажиллаж байна. Түүнчлэн Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид арвантаван хүний бүрэлдэхүүнтэйгээр батлагдсан бөгөөд арванхоёр нь бөх хүмүүс. Үлдсэн гурав нь бөхийн зүтгэлтэн, цэцдийн хүмүүс. Тэд дүрмэнд өөрчлөлт оруулахын зэрэгцээ бүх эрх мэдлийг бид хариуцья. Харин та бидний л нэг, бидэнтэй нэг саналтай байна л гэсэн утгыг хэлсэн юм. Гуравдугаар сарын 24-нд наймдугаар “Их Эе” хуралдсаны дараагаар манай залуучууд санал санаачилга гарган бидэнтэй эсрэг байр суурьтай байдаг хүмүүсийн нэг Монгол Улсын Заан Ж.Ганболдтой утсаар холбогдсон байгаа юм.

Ингэхдээ “Та нар хурлаа хийж, тэргүүнээрээ Б.Бат-Эрдэнэ аваргыг сонгосон гэсэн, үүнийг сонссон. Залуучууд та нар үндсэн ачаагаа үүрч ажиллана гэж байгаа бол би дэмжинэ. Гэхдээ та нар цэцдийн зөвлөлийн хурал хийгээд гүйцэтгэх захиралаа сонгох болохоор өнөө Р.Нямдорж, Д.Данзан нарынхаа нэгийг сонгох юм байлгүй” гэхэд нь манай залуучууд “Тийм зүйл байхгүй ээ. Бид бүх эрх мэдэл, удирдлагыг авсан” хэмээн ойлголцсон юм билээ.

ЭНЭ ЯВДЫН ДАРААГААР ДАХИН ҮЙЛ ОЙЛГОЛЦОХ АСУУДАЛ ҮҮССЭН ҮҮ ?

Б.БАТ-ЭРДЭНЭ: Тийм. Монголын Үндэсний Бөхийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр, Дэд тэргүүн Ц.Магалжав нар дөрөвдүгээр сарын зургааны өдөр Л.Чинбат, Дархан аварга А.Сүхбат, Ү.Хүрэлбаатар нартай уулзалт хийсэн юм. Энэхүү уулзалтыг протокол хөтөлж, баримтжуулсан байгаа.

Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон асуудлуудад УИХ гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ хариу өгөв.

УУЛЗАЛТААР АСУУДАЛ ХЭРХЭН ШИЙДЭГДЭХ ГАРЦ ГАРГАЛГААГ ОЛСОН УУ ? ЧУХАМ ЯМАР ЯРИА ӨРНӨСӨН БОЛ ?

Б.БАТ-ЭРДЭНЭ: МҮБХ-ны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр, Дэд тэргүүн Ц.Магалжав нар наймдугаар “Их Эе” хуралд оролцох орон нутгийн төлөөлөгчийн тоо хоёр байсан бол одоо гурав, бөхийн дэвжээнээс оролцох төлөөлөгчийн тоо гурав байсан бол дөрөв болгох гэсэн саналыг хүргээд Монголын Үндэсний Бөхийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн хурлыг дахин шинэ бүрэлдэхүүнээр хийх саналыг тавьсан байгаа юм.

А.Сүхбат “Тэгвэл бидний хувьд асуудал байхгүй. Хоёр талаас хамтран дахин хуралдах нь зүйтэй” гэж тохиролцсон юм билээ.

Гэтэл улсын гарьд Б.Гантогтох “Ийм хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин хурал хийвэл Б.Бат-Эрдэнэ аварга дахин сонгогдох нь гарцаагүй” гэсэн бол

Л.Чинбат “Ийм хүний бүрэлдэхүүнтэй хуралдах юм бол Б.Бат-Эрдэнэ бид хоёрын хэн нь ч тэргүүнд нэр дэвшихээ больё” гэсэн зүйлүүд дөрөвдүгээр сарын 6-ний өдөр яригдаад гарын үзэг сурснаар баталгаажсан юм.

МҮБХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНЭЭР ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛ ДЭЭРХИ ТАНЫ БАЙР СУУРЬ?

Б.БАТ-ЭРДЭНЭ: Үндэсний Бөхийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг шинэ бүрэлдэхүүнээр үнэн зөв, шударгаар дахин хуралдуулах асуудалд миний бие татгалзах зүйл байхгүй гэж хэлмээр байна. Энэ үйл явдлын дараахан Монгол улсын дархан аварга Ж.Мөнхбат бурхны оронд заларсан харамсалтай үйл явдал болсон юм. Бөхийн холбооны дэд тэргүүн Ц.Магалжав энэ асуудлаар Л.Чинбаттай холбогдож “Бурханы орон руу одсон аваргынхаа ажил явдлыг ядаж өнгөрүүлж байгаад хэдүүлээ үлдсэн асуудлаа шийдье. Та нар мэдээллийн сайт, сонинтой хаалтын гэрээ хийж, элдэв мэдээ, мэдээлэл битгий гаргаач ээ” гэсэн хүсэлт явуулсан юм.

Энэхүү хүсэлтийг хүлээж авалгүй Монгол бөхийн өргөө рүү дөрөвдүгээр сарын 9-ны өдөр дайрч, хүч хэрэглэсэн үйл явдал болсон. Иймэрхүү дайралт анх удаа гарч байгаа юм биш. Тодруулбал 2002 оноос хойш Монгол бөхийн өргөөнд гэмтэл учруулсан 5-6 удаагийн тохиолдол бий. Хамгийн гол нь олон нийтэд ташаа мэдэлэл өгч байна. Энэ нь Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр албан ёсоор сонгосон гурван шатны шүүхийн шийдвэр гарсан хэмээх ташаа ойлголтыг олон нийтэд хүргэж байна. Л.Чинбатыг тэргүүнээр сонгож баталгаажуулсан албан ёсны Шүүхийн шийдвэр гэсэн зүйл огт байхгүй болно. Энэ дашрамд Монголын Үндэсний Бөхийн холбоо аливаа зүйлд хариуцлагатай, жудагтай, үүссэн асуудалд хүлээцтэй шийдвэр гаргахыг хүсч байна. Бүх зүйл хууль журамтай учир энэ асуудлыг холбогдох хуулийн байгууллагууд нь аяндаа шийдэгдэх учиртай.

ТАНЫ ХУВЬД ХОЛБООНЫ /МҮБХ/ ТЭРГҮҮНЭЭР НЭГЭНТЭЭ СОНГОГДСОН ҮҮНИЙГ УЛСЫН БҮРТГЭЛ АЛБАН ЁСООР БҮРТГЭДЭГ. ТАНЫГ БҮРТГЭСЭН ҮҮ?

Б.БАТ-ЭРДЭНЭ: Бүртгэх процесс хуулийнхаа хүрээнд албан ёсоор явагдаж байгаа. Төрийн бус байгууллагын тухай хуулинд “сайн дурын журмаар эвлэлдэн нэгдсэн ТББ нь өөрсдийн хууль журмын дагуу хурал үйл ажиллагаагаа зохион байгуулж, албан ёсны шййдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлдэг” үйл явцтай юм. Одоогоор бүртгэх процесс хуулийнхаа хүрээнд албан ёсоор явагдаж байгаа бөгөөд, гуравдугаар сарын 24-ний өдрийн үйл ажиллагаатай холбогдуулан бүртгэх үйл явцал хуулийн байгууллагынхны түр хорио тавигдсан байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here