Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан MNBA Үндэсний лигийн тэмцээн өнгөрөгч долоо хоногт өндөрлөв. 2017-2018 оны улирлын аваргаар “Архангай Алтан Дорнодын Дайчид” шалгарсан бөгөөд тэд өнгөрсөн жилийн аварга цолоо баталлаа.
Үндэсний лигийн цомын төлөө “Архангай Алтан Дорнодын Дайчид”, “Ховд шонхорууд” багууд шалгараад байсан юм.
Финалын цуврал тоглолтууд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны спорт зааланд болж, “Архангай Алтан Дорнодын Дайчид” өрсөлдөгчөө 4:1-ээр хожсоноор Үндэсний лигийн аварга боллоо. Цувралын тав дахь тоглолт өнгөрөгч бямба гаригт (2018.03.03) болж, 99:95 онооны харьцаагаар Архангайн дайчид хожжээ.
MNBA Үндэсний лигийн хүрэл медалийн төлөө “Сүхбаатар Альянс Тех”, “Төв аймаг” багууд шалгараад байсан. Ганц тоглолт болж, ялагч нь медалийн тавцанд зогсох байсан энэхүү тоглолтод 111:100 онооны харьцаагаар “Сүхбаатар Альянс Тех” ялалт байгууллаа. Уг баг Үндэсний лигийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангасан анхны баг болжээ.