Улс орны хөгжлийг илтгэгч нэг томоохон шалгуур үзүүлэлт бол спорт байдаг. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд манай улсын спорт урлагийн хөгжил өндөр хэмжээнд хүрч, тив дэлхийд аль ч спортод гол өрсөлдөгч байхуйц хэмжээнд хүрсэн гэхэд хилсдэхгүй.
Хэдийгээр улс орны хөгжлийг даган спорт хөгжиж байгаа ч түүнийг хөгжүүлэхэд гол үүргийг гүйцэтгэгч сургууль нийгэмлэгүүдийн гавьяаг мартаж үл болно.
Олимд дэлхийн аваргуудыг төрүүлэхэд тэдгээр сургуулиудын гавьяа яахын аргагүй их юм.
Олимпийн их наадмын алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Улсын харцага Н.Түвшинбаяр, Олимпийн их наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, Дэлхийн аварга, гавъяат тамирчин Г.Болдбаатар, Чөлөөт бөхийн Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа гээд монгол түмнийхээ баяр бахдлыг төрүүлсөн олон тамирчид нэгэн сургуулиас төрсөн байдаг билээ.
Одоогоос 18 жилийн тэртээ Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, дархан аварга Баднаанямбуугийн Бат-Эрдэнэ болон түүний хамтран зүтгэгсэдийн санаачлагаар “Аварга” коллеж байгуулагдаж байсан түүхтэй. Анх 15 багш 140 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан энэ сургууль одоо “Аварга” дээд сургууль болон өргөжиж, мөн дэргэдээ аварга бүрэн дунд сургуулийг байгуулан Монгол улсын биеийн тамир спортын хөгжилд томоохон хувь нэмрийг оруулж, тив дэлхийн тэмцээнүүдэд тэдний төгсөгчид амжилттай оролцон эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж яваа гавъяатай.
Аливаа зүйлийн анхдагч байна гэдэг асар их нэр хүнд, бахархал байдаг. Түүнийгээ дагаад энэ нэр хүндээ дааж явна гэдэг маш том хариуцлага юм.
ХХ зууны манлай дархан аварга Б.Бат-Эрдэнэ, биеийн тамир спортын шилдэг эрдэмтэн ШУ-ы доктор, профессор Г.Цэрэндорж, олимпын анхны аварга, анхны хос медальтан Н.Түвшинбаяр, анхны хос гавъяат буюу Монгол Улсын гавъяат тамирчин, гавъяат дасгалжуулагч Х.Болдбаатар, жудо бөхийн анхны дэлхийн аварга Х.Цагаанбаатар, жудо бөхийн дэлхийн аваргын анхны эмэгтэй медальтан Х.Эрдэнэт-Од гээд Монгол улсын дуурсах алдрыг анхлан эх орондоо авчирч байсан гайхамшигт тамирчид маань энэ л сургуулиас гараагаа эхэлж байжээ. Тэдний анхлан эхлүүлсэн сүүн цацалтай зам одоо ч тасралгүй үргэлжилж, дараа дараагийн залуу үе нь түрэн гарч ирсээр байна.
Боловсролын салбарын амин сүнс бол багш сурган хүмүүжүүлэгчид, тэдний арга ухаан, чадвар авъяас байдаг. Хичнээн авъяас чадвартай, ирээдүйтэй тамирчин байлаа гээд түүнийг дасгалжуулж бэлдэх багш хүний ухаан дутвал тухайн тамирчины амжилтыг ярьна гэдэг бүтэшгүй хэрэг болно. Чухамдаа тамирчны амжилт гаргах эсэх нь багш дасгалжуулагчтай шууд холбогдоно. Аваргын тамирчдын амжилт ч үүнтэй холбоотой гэдэг нь маргаангүй биз.
Спорт гэдэг зөвхөн спорт байхаа болж шинжлэх ухаанруу улам бүр ойртсоор байна. Нарийн судалгаа шинжилгээний үндсэн дээр бэлтгэл сургуулилтыг төлөвлөх нь хамгийн үр дүнтэй гэдгийг хэдийнэ нотолж, сургалт ч энэ дагуу хийгддэг болсон.
Анагаах ухааны доктор, профессор Г.Сүхбат, МУ-н Гавъяат дасгалжуулагч, Зөвлөх багш Х.Намшир Спортын мастер, Магистр Г.Энхтуяа, Улсын начин, Боловсрол судлалын доктор Б.Адъяахүү, ШУ-ы доктор Га.Цэрэндорж, Доктор Б.Лигдэн гэхчилэн эрдэмтэн судлаачид, багш дасгалжуулагчидын судалгаа хөдөлмөрийн үндсэн дээр “Аварга”-ын тамирчидын амжилт гаргах нөхцөл бүрэлдэн бий болж байгаа учир тэд өнөөдөр дэлхийд дуурсах Монгол тамирчдын тэргүүн эгнээнд бичигдэж байна гэж хэлэхэд хилсдэхгүй.
Орчин цагт спорт гэдэг асар том шоу бизнес болсон. Спортын үйл ажиллагааг тойрон их хэмжээний мөнгөн дүн эргэлдэж, тэр чинээгээрээ үйл ажиллагаа нь өргөжиж, дэлхий нийтийг байлдан дагуулдаг.
Харин спортын боловсрол, спортын ч гэлтгүй боловсролын систем ашгийн төлөө байх нь хандлагыг буруу зүгт чиглүүлэх хор уршигтай байдаг билээ. Боловсролын салбарт үйл ажиллагаа явуулна гэдэг нь өөрөө өндөр хариуцлага, нийгмийн өмнө хүлээж байгаа үүрэг гэж хэлж болох юм.
Энэхүү үүргийг “Аварга” сургуулийнхан нэр төртэйгөөр хүлээж, дааж явна. Бүх л зүйл мөнгөнөөс хараат болсон өнөө цагт ашгийг харалгүй, чадалтай боловсон хүчин, чадвартай тамирчин бэлтгэх чин зорилгын дор нэгдэн, сэтгэл зүрхээ гарган ажиллаж яваа нь одоогийн амжилтанд хүрэх нэгэн гол түлхүүр нь байсан болвуу.
Спорт гэдэг зөвхөн биеийн хүчээр хэмжигдэх зүйл биш юм. Биеийн хүчээр нэгийг, ухааны хүчээр 1000-ыг гэдэгчлэн оюутан сурагчдынхаа онолын мэдлэгт анхаарал хандуулах учиртай.
Аварга сургуулийн номын сан өнгөрсөн онд давхардсан тоогоор 2774 уншигчид 4256 номоор үйлчилж, 2016 оны 1сарын 1-нээс хойш 239 ширхэг ном сурах бичигээр фондоо нэмэгдүүлж, Аварга сургуулийн эрдэмтэн багш нар нийт 78 төрлийн 402 ширхэг эрдэм шинжилгээний бүтээл, ном сурах бичиг гарын авлагыг бүтээн оюутан сурагчдынхаа оюунд хөрөнгө оруулалт хийжээ.
Сайн дасгалжуулагч багш нарын удирдлага дор, шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн дэглэмийг баримтлан, оюунлаг, онолын мэдлэг өргөн байх зэргийг хослуулж чадаж гэмээнэ өндөр амжилт гаргадгийн жишээ энэ юм.
“Аварга”-аар овоглосон Монголын “аварга”-ууд дэлхийн дэвжээнд аваргалсаар ирсэн нь энэ бүхний бэлээхэн нотолгоо билээ. Цаашид ч олон аваргыг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Г.Болд