Нүүр хуудас Спорт “Ulaanbaatar Challenger” сагсан бөмбөгийн тэмцээн боллоо.

“Ulaanbaatar Challenger” сагсан бөмбөгийн тэмцээн боллоо.

310
0

“Ulaanbaatar Challenger” сагсан  бөмбөгийн 3х3 Гран при тэмцээн Улаанбаатар хотод энэ сарын  3,4-ний өдрүүдэд боллоо.  Энэ Гран при тэмцээнд дэлхийн шилдгүүд бүгд ирсэн бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга Сербийн тамирчин Душан Булутаар тэргүүтэй алдарт Novi Sad Al Wahda баг, 2016 оны World Tour-ийн аварга  Словенийн Ljubljana зэрэг 12 орны 16 баг тамирчид өрсөлдсөн юм.

Тэмцээнийг FIBA 3×3, Монголын 3х3 сагсан бөмбөг холбоо “MCS coca cola” ХХК-тай хамтран зохион байгуулжээ. Манай улсын шилдэг сагсан бөмбөгчид  ОУХМ Б.Билгүүн, Т.Санчир, Д.Мөнхтүвшин, Ц.Азбаяр нар “South Gobi” багт тоглосон. Тэд хожил авч чадалгүй тэмцээний сүүлийн байрт орлоо. Энэ багт Д.Мөнхтүвшингээс бусад нь анх удаа 3х3 төрлөөр өрсөлдсөн юм. Манай гол найдвар “UB Garuda” нэг хожилтой ч хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлөсөн юм. Харин “Sukhbaatar” баг хамгийн өндөр амжилт үзүүлж, хоёр хожилтой хэсгээсээ шалгарсан. Тэд шөвгийн наймд Словенийн Ljubljana багт хожигдол хүлээсэн юм.

Улаанбаатарын Гран при-гийн хагас шигшээд Сербийн Novi Sad Al Wahda, Liman, Словений Ljubljana, Испанийн Malaga багууд тунаж үлдсэн. Хагас шигшээгийн эхний тоглолтод Сербийн Novi Sad Al Wahda өрсөлдөгчөө эцсийн мөчид буулган авч шигшээд шалгарлаа. Тоглолтын үндсэн цаг 11:11-ээр өндөрлөв. Үндсэн цаг тэнцсэн тохиолдолд, түрүүлж хоёр оноо авсан баг нь хождог дүрэмтэй. Дэлхийн чансааг тэргүүлдэг Душан Булат гайхалтай тоглолт үзүүлэн хоёр оноо авч, багаа ялалтад хүргэж чадсан юм. Хүчирхэг Ljubljana багийг Liman 21:12-оор буулган авсан. Ийнхүү Серб улсын хоёр баг аваргын төлөө тоглож Liman хүчирхэг Novi Sad Al Wahda багийг хожин тэргүүн байр эзэлж арван мянган ам.долларын шагнал хүртэж  Японы “FIBA 3×3 WORLD TOUR”-д өрсөлдөх эрх авлаа. Хоёрдугаар байрт Сербийн Novi Sad Al Wahda  баг шалгарсан бол гуравдугаар байрт Испанийн Малага, дөрөвдүгээр байрт Словенийн Ljubljana тус тус шалгарав. Энэ тэмцээн  Сүхбаатарын талбайд болж Серб, Словени, Бразил, Испани, Голланд, Австрали, Япон, БНАСАУ, Франц, Чех, ОХУ-ын шилдэг багууд ирсэн бөгөөд тэмцээнийг дэлхийн 100 гаруй орны мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here