Нүүр хуудас Танд тустай Будаггүй ч өөртөө ИТГЭЛТЭЙ алх бүсгүй минь…

Будаггүй ч өөртөө ИТГЭЛТЭЙ алх бүсгүй минь…

246
0
budaggui-busgui
Будаггүй ч өөртөө ИТГЭЛТЭЙ алх бүсгүй минь...
~Будаггүй ч өөртөө ИТГЭЛТЭЙ алх бүсгүй минь…~

Нүүрээ будах нь бүсгүйчүүд бидний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өгдөг гайхалтай нэг зэвсэг байдаг. Харин эсрэгээрээ будаггүй үедээ нүүрээ нууж, итгэлгүй алхалдаг шүү дээ.

Гэхдээ таны өөрийн будаггүй байгалиараа төрх цор ганц бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй нь байдаг. Энэ удаад өөртөө буддаггүй ч гэсэн өөртөө итгэлтэй байхын тулд юу анхаарах хэрэгтэй талаар хүргэж байна.

Хөмсөг

Будаггүй байсан ч гэсэн, нүүрний хамгийн анхаарал татдаг хэсэг ХӨМСӨГ юм. Өөрийн нүүрний онцлогт тохирсон хөмсөгөө хэлбэржүүлэн засаарай. Хэрэв таны хөмсөгний үс шингэн бол “вазелин” хэрэглээд үзээрэй. Хөмсөгний үс ургуулахад туслана.

Нүд

Том алаг нүдтэй л бол хөөрхөн гэсэн үг биш шүүдээ. Байгалиас заяасан нүдний хэлбэр нь таны нүүрэнд хамгийн сайн зохицох учраас нүдээ хайрлаарай.

Нүдээ будаагүй үедээ ч өөртөө итгэлтэй алхахын тулд дараах зүйлсийг анхааралдаа аваарай.

Нүдний доорх хар хүрээ. Энэ бол таныг дэглэмдээ анхаарах цаг болсныг анхааруулж байгаа биеийн тань илрэл. Хар хүрээ таны биед төмөр эсвэл В витамин (элэг болон улаан маханд маш их хэмжээгээр агуулагддаг) дутагдсныг илэрхийлж болно. Гаа эсвэл ногоон цайтай хүйтэн жин тавих их дүнтэй арга.

Зовхи орчим үүсэх үрчлээ. Хараа муутай, нүдээрээ инээдэг, нүдээ нухах зуршилтай, хэт хуурай арьстай, будгаа арилгахгүй унтах гэх мэт шалтгаанаас үүдэж зовхины орчим хэсэгт үрчлээ үүсэх магадлалтай. Учир нь нүүрний хамгийн нимгэн, эмзэг хэсэг учир анхаарч байхгүй бол нэг л мэдэхэд үрчлээтэй болчихсон байх магадлалтай. Иймээс өөрийн хараанд тохирсон шил зүүж хэвших, зовхины зориулалтын будаг арилгагчаар будгаа арилгаж сурах, 25 наснаас эхлэн зовхины тос түрхэж занших, арьсаа сайтар чийгшүүлэх зэрэг өдөр тутамдаа хэвшүүлээрэй.

Нүдний цагаан. Бидний биеийн эрүүл мэндийг илтгэдэг нэгэн илрэл бол нүдний доторх цагааны өнгө. Нүд тань тунгалаг, цагаан байх нь эрүүл бас үзэсгэлэнтэй харагдуулж буй нэг нууц юм. Хэрэв бага зэрэг шарлаж, эсвэл цус хурсан байвал яаралтай эмчид хандаж, шалтгааныг нь мэдээрэй. Мөн Монголын хуурай нөхцөлд, өдөржин компьютерийн ард суудаг бол чийгшүүлэх зорилгоор хиймэл нулимс дусааж байх ч тустай шүү.

Шүд

Инээмсэглэж буй хэн бүхэн үзэсгэлэнтэй харагддаг шүү дээ. Эрүүл буйл, цагаан, тэгш шүдтэй хүн өөртөө итгэлтэй, сэтгэл дүүрэн инээж чаддаг. Тиймээс амны хөндийн эрүүл мэндийг сайтар сахих шаардлагатай. Шүд шарлуулагч кофе, тамхи, цай, вино зэрэг өнгөтэй бүтээгдэхүүнээс татгалзах, эсвэл хэрэглэсний дараа шүдээ байнга угааж заншаарай. Мөн тохирох зөв “шүдний оо”-г хэрэглэхийг зөвлөж байна.

Уруул

Уруулын арьс ганцаараа тослог ялгаруулдаггүй гэдгийг та мэдэх үү? Иймээс бид үргэлж чийгшүүлж, булбарай зөөлөн байлгах хэрэгтэй. Уруулын будаг, өнгөлөгч хэрэглэлээ гээд энэ нь чийгшүүлж байна гэсэн үг биш.

Иймээс үргэлж уруулын арьсыг чийгшүүлэх бальзам, тосон өнгөлөгч цүнхэндээ авч яваарай.

Үс

Үс эрүүл бас гялалзсан байх тусмаа таны гоо үзэсгэлэнг тодотгож өгдөг. Өдөр бүр үсээ индүүдэж, ороох эсвэл хими тогтмол хийлгэх нь үсний торгомсог эрүүл зөөлөн байдлыг алдагдуулдаг. Иймээс хааяа боловч халуун индүүнээс хол байж, тогтмол 7 хоногт 1 удаа маск тавьж, зөөлөн самаар самнаж байгаарай. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ.

Арьс

Магадгүй таны санааг зовоодог батга, сэвх, нөсөө толбыг зузаан будагны дор нууж болно. Гэвч будаггүй үед дахиад л бид дээрх асуудлуудтайгаа нүүр тулдаг шүүдээ. Иймээс хэрвээ таны арьсан дээр батга гарч байвал юунаас үүсч байгааг олж мэдэх хэрэгтэй. Дотоод эрхтэнээс шалтгаалж байна уу, гормоноос болж байна уу эсвэл зүгээр л дутуу цэвэрлэгээнээс үүдсэн батга байж болно. Сэвх нөсөө толбо ч гэсэн таны дотоод эрхтэнээс хамаарч гарсан байж болох ба удмын сэвх ч байдаг учраас өө дарагчтай найзлахаас илүү бодит асуудалтайгаа тэмцэх хэрэгтэй.

Заримдаа бид үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, үр дүнг нь харахын тулд хүчтэй найрлагатай бүтээгдэхүүнд арьсаа дасгадаг. Үүний оронд амьдралын эрүүл хэв маягийг дагаж, арьсандаа тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэж, өдөр бүр нүүрээ сайтар цэвэрлэж, гүн чийгшүүлж, үхэжсэн арьсаа гуужуулж 7 хоногт 1удаа маск хэрэглэж, орой бүр будгаа арилган унтах нь эрүүл арьсны үндсэн суурь нь болдог.

Өөрийгөө хайрла!

Өөрийгөө ямар ч үед үзэсгэлэнтэй гэдэгтээ итгэж өөрийгөө хайрла! Учир нь та энэ дэлхийд цор ганц бас дахин давтагдашгүй гоо үзэсгэлэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here