Хөл эрүүл, ядрахгүй, цэвэр байх нь гутал, оймсоо тохируулж өмсөхөөс ихээхэн шалтгаална. Хөвөн даавуун юм уу ноосон оймс, арьс ширэн бөгөөд хөлд яг таарсан гутал хамгийн чухал. Зуны цагт аль болох хөл нүцгэн явах, нар салхинд ил байлгах нь ашигтай. Цусны эргэлтийг сайжруулахын тулд унтахдаа хөлөө яльгүй өндөрлөвөл зүгээр. Хөлийн дасгал хөдөлгөөнийг байнга хийж бай. Хөлөө лаврын навч, цай, таван салаа, хусны навч, хамба шарилж, царсны холтосны хандаар, эсвэл марганцын сулхан уусмалаар тогтмол угаавал хөлрөхгүй байх болно. Хөлийн хумсыг буруу авснаас юм уу, бариу гутал өмссөнөөс хумс нь хажуу тал руугаа шигдэж ургадаг. Энэ нь мэс засал хийлгэхэд ч хүргэх аюултай тул хумсыг зөв авах нь маш чухал. Хөлийн хумсыг сайн цэвэрлэж зөөлрүүлсний дараа дугуйруулж биш харин тэгш авах хэрэгтэй. Хөлөрдөг хөлийг хүйтэн бүлээн усанд 1-2 мин-аас эхлээд 10 мин хүртэл хугацаагаар байнга дүрж байх нь тустай. Оймсоо өдөр бүр соль, өглөө бүр бүлээн усаар хөлөө угааж байхыг зөвлөе.
Хөлөө тогтмол угааж бай
Хөлөө савантай усаар угаах нь хамгийн сайн арга. Ихэнх хүмүүс шүршүүрт орохдоо биеэ зүлгэж угаасан хэрнээ хөлийнхөө улыг санаатайгаар үрэлгүй орхидог. Гэтэл энд нян маш ихээр үлддэг байна. Хөлөө хатаа. Хөлөө угаасныхаа дараа сайтар хатаах хэрэгтэй. Ялангуяа хуруунуудынхаа завсрыг мартаж болохгүй. Чухам энэхүү чийгтэй орчинд л эвгүй үнэр гаргагч нян үрждэг юм шүү. Илүүдэл бүхнийг арилга. Хуримтлагдаж зузаарсан, үхэжсэн эсүүд үнэр гаргагч нянгуудын хамгийн таатай орчин болдог. Тиймээс өсгийд хуримтлагдсан эвэр, илүүдэл арьсаа авах хэрэгтэй. Ингэхийн тулд усанд орохдоо хөлийн улаа тусгай үрэгчээр үрээрэй.
Байгальд түшиглэн арчлах
Юуны түрүүнд, хөлөндөө байгалийн өвөрмөц боломжийг ашиглан иллэг хийх хэрэгтэй. Наран шарлагын газрын элс, ногоон нугын зүлгэн дээр хөл нүцгэн яв. Халсан элс, чийг даасан шүүслэг сэрүүн өвсөн дээр явах нь зөвхөн хөл төдийгүй бие организмыг эрүүлжүүлэх, стресс тайлах хамгийн сайн бигнүүр, эмчилгээ болдог. Үүнээс гадна халуун элс нь өөрөө байгалийн хамгийн шилдэг гуужуулагч юм. Тиймээс үнэтэй гоо сайхны салонд бүтэн сарын турш педикюр хийлгэх шаардлагагүй болно.