Нүүр хуудас Танд тустай Мөстэй замд аюулгүй явахын тулд…

Мөстэй замд аюулгүй явахын тулд…

167
0
Cart
Мөстэй замд аюулгүй явахын тулд...

Энгийн харагдах хуурмаг мөсөн зам дээр хурдаа тохируулаагүйгээс, эсвэл машиныхаа бүрэн бүтэн байдал, өвлийн бэлтгэлийг хангаагүй байдлаас болж энд тэндгүй асуудал үүсчээ.

Цас орсноор замын гадаргуу мөстсөнөөр үүнийг ХАР МӨС гэж нэрлэх болсон. Зам дээрх хар мөс нь огт мэдэгддэггүй, овон товон байхгүй учраас тодорхойлоход нэлээд хэцүү. Тиймээс ч зам тээврийн осолд оруулах хамгийн аюултай зүйлсийн нэг. Тэгвэл ийм замд хэрхэн явах талаарх мэдлэгийг мэдэхгүй нэгэндээ дамжуулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангацгаая.

ДОХИОГОО ЗААВАЛ ӨГ. Энэ бол хамгийн чухал зүйлсийн нэг. Хэзээ хааш эргэх нь мэдэгдэхгүй байдлаас болж таны ганц л руль даралтад бусад машинууд хажуугаас орох магадлалтайг бүрэн санаж заавал дохио өгч бусад жолооч нарт өөрийнхөө үйлдлийг мэдүүлнэ үү.

ЯМАР Ч НӨХЦӨЛД УРУУ ГАЗРААР ЗӨӨЛӨН БУУ. Хэдий та өвлийн дугуйтай, өвлийн бэлтгэлээ 100 хувь хангасан, уруу замд итгэл дүүрэн буух боломжтой байлаа ч удаанаар бууна уу. Учир нь таны ард яваа жолооч зуны дугуйтай ч байж болох шүү дээ. Тиймээс юмыг яаж мэдэх вэ удаанаар буугаарай.

ХУРДАА ЗАМЫН НӨХЦӨЛД ТОХИРУУЛ. Замын хөдөлгөөний дүрэмд – Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэж заасан ч мөстэй замд нөхцөл байдалдаа тохируулан хурдаа хамгийн тохиромжтой хэмжээнд барих ёстой гэдэг заалтыг хэзээ ч бүү мартаарай. Та болон бусдын аюулгүй байдалд хамгийн чухал нөлөөтэй

ЭРГЭЛТ РҮҮ ХҮЧТЭЙ ОРЖ БОЛОХГҮЙ.  Хар мөс нь өглөө оройд температурын нөлөөллөөр илүү их хор уршиг дагуулдаг. Тиймээс ч сүүдэр газрын эргэлт дээр илүү ихээр анхаарч байх хэрэгтэй. Эргэлтэд хүчтэй орсноор урд, хойд дугуй шарвах, жолоодлого алдах гол үндэслэл болдог.

ТООРМОСОО ТУЛТАЛ НЬ ГИШГЭ. ABS системтэй машинуудын тоормосыг гачаалдах шаардлагагүй байдаг. Зарим жолооч нарын дунд буруу ойлголт байдаг бөгөөд нэг дараад – авч – дахин дарвал илүү сайн тоормослодог гэж ойлголт бий. Энэ бол хамгийн буруу зүйл. Энэ бүгдийг ABS систем компьютерийн туслалцаатай даралтыг тасалдуулах замаар хийдэг. Тиймээс зогсох шаардлагатай үед зүгээр л илүү дутуу зүйл хийлгүй тоормосоо гүйцэд гишгээрэй. Харин таны машин жолоодлого алдсан бол тоормосыг гишгээд нэмэргүй байдаг. Энэ үед хааз руль залах чадвар чухал нөлөөтэй гэдгийг санаарай.

МӨСТЭЙ ЗАМД ЖОЛООДЛОГЫН ДАДЛАГА ХИЙ. Шинэ, хуучин аль ч жолооч хүн машингүй хоосон зайд дадлага хийж машиныхаа хэдий хэр замд тоормослох, хурд авах дөрийг мэдэж авах хэрэгтэй. Ингэснээр илүү хяналттайгаар замын хөдөлгөөнд оролцоно, зугаатай ч байх болно.

Driver
МӨСТЭЙ ЗАМД ЖОЛООДЛОГЫН ДАДЛАГА ХИЙ

ОГЦОМ ТООРМОСЛОХ ХОРИОТОЙ. Таны ард яваа тээврийн хэрэгслийг үргэлж бодолцож байна уу. Дээр зөвлөсөн шиг зуны дугуйтай, туршлага багатай, тоормосоо гачаалдаж гишгэдэг жолооч байхыг үгүйсгэхгүй.

УРДАХ МАШИНААСАА ЗАЙ БАРЬЖ ЯВ. Таны явж байгаа зам, урдах машины явж байгаа замын гадаргуу нэг ижил биш байх магадлалтай. Тиймээс тоормосны зай ихсэж мөргөх аюултай байдгийг санана уу.

МАШИН ДЭЭРХ ЦАСЫГ БҮРЭН БУУЛГА. Үзэгдэх орчин хангалтгүй үед хажууд яваа машин, явган зорчигчийг харалгүй буруу үйлдэл хийх магадлалтай байдгийг санаарай.

ТООРМОСНЫ ГЭРЛИЙН АЖИЛЛАГААГ БҮРЭН БҮТЭН БАЙЛГА. Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож байгаа машинуудын энэ асуудал хамгийн хүндрэлтэй байдаг зүйлсийн нэг. Энэ гэрэл бол таныг хамгаалах хамгийн чухал зүйл гэдгийг байнга санаж, шалгаж байна уу.

ИХ ГЭРЭЛ ЭСВЭЛ МАНАНГИЙН ГЭРЛИЙГ ЦАС ОРЖ БАЙГАА ӨДРИЙН ҮЕД Ч ГЭСЭН АСААЖ ХЭВШ. Бусдад харагдах нь бусдыг харахаас ч илүү чухал. Цагаан саарал өнгийн машинууд цастай замд ялгарахгүй байдаг гэдгийг анхаарч гэрлээ асааж яваарай.

ӨВЛИЙН ДУГУЙГ АШИГЛА. Дугуй нь автомашиныг замтай харилцан үйлчлэхэд гол хөшүүрэг нь болдог. Хэдийгээр сүүлийн үеийн өндөр чадвартай аюулгүйн системүүд болох бүх дугуйн хөтлөгч систем, тэнцвэржилтийн систем нь маш их хэрэгтэй байдаг ч мөстэй, цастай ямар ч барьцалдах нөхцөлгүй замд дугуй л хамгийн чухал зүйл нь болдог. Өвлийн дугуй нь тусгайлан дизайнчилсан мөртэй, замтай илүү харилцах чадвартай байдаг

ХОЛ ЗАМД КРУЙЗ КОНТРОЛ АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО. Систем замын нөхцөл байдлыг мэдрэхгүй зөвхөн хурдыг тохиромжтой хэмжээнд барихыг л мэднэ. Тиймээс хол замд баруун хөл, гар хоёртоо итгэх хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here