Нүүр хуудас Танд тустай Орон орны САР ШИНИЙН БАЯР…

Орон орны САР ШИНИЙН БАЯР…

451
0
Орон орны САР ШИНИЙН БАЯР...
Орон орны САР ШИНИЙН БАЯР...
Азийн орнууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг тухай мэдээллийг хүргэж байна.
МОНГОЛ
Монголчууд билгийн тооллын хаврын эхэн сарын шинийн нэгэнд шинэ он гарч, хавар ирж байна хэмээн уг баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Бэтүүний шөнө хамгийн хар өдөр байдаг тул гай барцадыг нь арилгах үүднээс цагаан өдөр болгон тэмдэглэдэг аж. Цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босож шинэ сайхан хувцасаа өмсөж, хэрүүл маргааныг цээрлэн, ахмад настангууддаа очиж золгодог юм. Ихэвчлэн уг баярыг шинийн 1-15 хүртэл тэмдэглэдэг. Мөн шинийн 5, 8-ны өдрүүдийг хамгийн бэлэг дэмбэрэлтэй сайн өдрүүд хэмээн бурхандаа зул хүж асаан, ном уншуулдаг билээ.
МОНГОЛ

ХЯТАД

Хятадад билгийн тооллын шинийн 1-н манайхаас нэг хоногийн өмнө буюу энэ сарын 10-нд тохиож байна. Цагаан сар нь “Чунзие” буюу хаврын баяраар эхлэн 15 хоног үргэлжилж, дэнлүүний баяраар дуусгавар болдог. Амьдрал дахин цэцэглэж эхэлсний баяр хэмээн үздэг тус баярыг мөн “Еэвэн” сарын баяр хэмээн нэрлэдэг. Сар шинийг угтан хятадууд гэр орондоо их цэвэрлэгээ хийдэг. Улмаар шинэ он эхлэхээс өмнө хамаг муу муухайгаа зайлуулж буй нь энэ аж. Харин шалаа угаадаггүй нь хамаг сайн сайхан, аз хийморь шаланд байдаг гэж үздэгтэй нь холбоотой юм. Цагаан сарын өмнө хаалганы тотго дээр таван ширхэг урт цаасан тууз бэхэлдэг нь аз жаргал, амжилт, урт нас, эд баялаг, баяр баясгаланг бэлгэддэг байна. Сарны тооллоор сар шинийн эхний болон 15 дахь өдөр үсээ засуулдаггүй. Энэ нь мөн л аз хийморь, эд баялгаа угааж, арилгахгүй гэсэн сүсэг бишрэлтэй нь холбоотой ажээ. Тус баярын үеэр уламжлалт ёсоор улаан дугтуйд мөнгө хийж бие биедээ бэлэглэдэг байна. Учир нь улаан өнгө нь аз хийморийг бэлгэддэг гэж үздэг. Энэ баярын бас нэг чухал хэсэг бол тансаг хоол, идээ ундаа. Баярын ширээнд ногоогоор хийсэн хоол зонхилдог нь өөрийгөө цэвэршүүлж, шинээр төрж, ирэх жилдээ шинэ соргог байхыг бэлгэддэг аж. Гэхдээ баярын ширээний гол хоол нь банш, гурилтай шөл байдаг байна. Битүүний орой гэр бүлээрээ цугларч зоог барих бөгөөд шөнө дунд гудамжинд гарахдаа улаан өнгийн хувцас өмсч, галаар буудан наадаж, муу сүнсийг хөөн зайлуулдаг байна. Цагаан сарын баяраар хятадууд хэн нэгэнд үргэлж хос зүйл бэлэглэдэг уламжлалтай.
ХЯТАД
ЯПОН
Япончууд цагаан сараа “Ошогацү” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь гурав хоног үргэлжилдэг байна. Битүүний өдөр тэд “Сусухарай” хэмээх их цэвэрлэгээ хийж гэрээ цэвэрлэн “Омочи, озоны” хэмээх нэртэй цагаан будаагаар боов хийдэг байна. Гэхдээ баярын ширээний үндсэн идээ, ундаа нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд зонхилох аж. Үүний зэрэгцээ цагаан будаагаар саки архи исгэж бэлтгэдэг байна. Мөн зоогийн газрууд саки архийг үнэгүй үүдэндээ тавьж, авсан хүнд аж жаргалыг бэлэгддэг байна. Японы Цагаан сарын өөр нэг онцлог нь “Отоши дама” хэмээх ёслол. Энэхүү ёс заншлаар үр хүүхдүүд нь эцэг эхдээ дугтуйнд мөнгө хийж өгдөг.
ЯПОН
ЛАОС
Лаос цагаан сарыг “Лин” хэмээн нэрлэдэг. Тус баярыг таван хоног тэмдэглэдэг юм. Тэд битүүний шөнө зул асааж, нас барсан хүмүүсийнхээ ардаас залбирал үйлддэг гэнэ. Харин шинийн 1-нд 40 дээш насны эрчүүд ууланд тахил өргөдөг байна. Харин 50 дээш насны эмэгтэйчүүд 10 доош насны охидуудад үлгэр уншиж, өгдөг уламжлалтай аж.
ЛАОС
ТҮВД
Түвдүүд билгийн тооллын шинийн 1-нд “Лосар” гэдэг баярыг тэмдэглэдэг аж. “Ло” гэдэг нь жил, “Сар” гэдэг нь шинэ гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тиймээс “Лосар” хэмээх нэр нь үндсэндээ шинэ он гарч, хавар болж байна гэсэн утгыг агуулдаг аж. Сар шинэдээ түвдүүд шинэ дээл хувцсаа өмсч, настан буурлууддаа золгодог уламжлалтай. Энэхүү баярын хамгийн чухал идээ нь цагаан будаа, давс, найман төрлийн орцтой хатаасан бяслаг, гурилтай шөл байдаг байна. “Дашдэлэг” хэмээх номыг ард олон нийтээрээ уншуулан даган баясдаг байна.
ТҮВД
ВЬЕТНАМ
Вьетнамчуудын цагаан сарын баярыг “Тэт” хэмээн нэрийддэг. Албан ёсоор гурван хоног болдог боловч 1990 оноос хойш долоон хоног үргэлжлэх болсон. Хятадын соёл иргэншлийн нөлөөгөөр вьетнамчууд цагаан сарыг тэмдэглэх болсон гэж судлаачид үздэг байна. Вьетнамчууд шинэ жилийн баяраа өнгөрөөсний маргаашнаас “Тэт” баяртаа бэлдэж эхэлдэг аж. Гэр орон болон албан таван хоногийн турш цэцгээр чимэглэдэг уламжилтай. Гэрийн эзэн эхнэр болон хүүхдүүддээ “Аз жаргал, баяр жаргал” гэсэн утгатай бийрийн уран бичлэг бэлгэлдэг байна. Битүүний урьд өдөр гэр орноо чимэглэж, хуучин муу зүйлээ гарган хаяж, ирж буй оноо амжилт бүтээлээр угтдаг заншилтай. Шинэ сар гарахаас өмнө өртэй й хүмүүс өрөө дарж, тооцоогоо дуусгаа ёстой. Тэд цагаан сараар худалдаа арилжаа их хийж, тэр хэрээр үнийн хямдрал үзүүлдэг байна. Битүүний шөнө хүмүүс бараг унтахгүй бөгөөд хөгшин залуугүй тоглож наадан шинэ өглөөг угтдаг. Харин шинийн 1-ний өдөр бурхан тахилынхаа өмнө таван төрлийн жимс өргөдөг. Үүнийгээ гал тогооны бурхан ирж шалгаад диваажингийн хаанд илтгэдэг хэмээн ярьцгаадаг байна. Сар шинээр залуучууд үндэсний хувцсаараа гангардаг аж. Вьетнамчууд шинийн 1-ний өглөө ирсэн анхны зочиндоо гүн хүндэтгэлтэй ханддаг нь тэднийг аз жаргалыг авчрагч хэмээн үздэгтэй нь холбоотой.
ВЬЕТНАМ
КАМБОЖ
Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын дундуур тэмдэглэдэг байна. Борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, иргэд гурван хоног амарч баярладаг. Гэрээ цэвэрлэн, цэцэг, бөмбөлгөөр гоёж, лаа асаадаг бөгөөд тахианы мах, будаа, жимс, амттан бэлтгэдэг. Баяраар сүм хийдэд очиж, шашны ёслол үйлдэхээс гадна үндэсний тоглоом наадам зохион байгуулдаг гэнэ. Дуу дуулж, бүжиг бүжиглэн хүүхэд багачуудынхаа хамт хөгжилддөг байна.
КАМБОЖ
МАЛАЙЗ
Малайзд ч бас хаврын тэргүүн сарыг тэмдэглэдэг. Гэхдээ энэ улс европын тооллын шинэ жил, энэтхэг тооллын шинэ жилийг давхар тэмдэглэдэг аж. Тиймээс малайзчууд шинэ жилийн баяраа хамтад нь тэмдэглэдэг байна. Хаврын тэргүүн сарын эхний хоёр өдөр амардаг бөгөөд 15 хоногийн турш баярлаж цэнгэдэг. Гудамжаар малайз үндэсний янз бүрийн хувцас өмссөн хүмүүс жагсч, бүжиглэж, дуулж, ёслолын буудлага хийж баярладаг байна. Тэдний үндэсний зоог нь будааны боов, халуун ногоотой шөл юм.
МАЛАЙЗ
БУТАН
Бутанчууд үндэсний баяраа “Бурман” гэдэг. Тэд баярын эхний өдрөө эзэн хаандаа урт удаан насыг бэлэгдэн цагаан архи өргөдөг байна. Залуус ахмад буурлууддаа шар өнгийн зүйл бэлэглэдэг. Шар өнгө нь Бутанчуудын хувьд урт наслахын бэлэгдэл аж.
БУТАН
СОЛОНГОС
Солонгосчууд цагаан сарыг “Солнал” хэмээн нэрлэдэг. Солонгос эмэгтэйчүүд сарны тооллын шинэ жилийг сайтар бэлтгэх бөгөөд “Тток”, “Гаретток” хэмээх шарсан махыг заавал хийдэг уламжлалтай. Мөн жимс, загасаар ширээгээ чимдэг ч банш болон “Токкук” хэмээх нэртэй шөлөөр зочдоо заавал дайлдаг байна. “Токкук”-ийг ууснаар амьдралд нь бас илүү нэг нас хайрладаг хэмээн үздэг. Битүүний өдөр хоол хийж бурхан, шүтээндээ өргөдөг бол шинийн 1-нд гэр бүлээрээ цуглардаг уламжлалтай. Шинэ жилийн үдэш хаалган дээрээ сүрэл өлгөж, муу муухайг зайлуулахыг бэлгэднэ. Баярын өдөр бүгд шинэ хувцас өмсч, бүхнийг шинээр эхлэхийг зөгнөдөг бөгөөд хамаатныхаа хамгийн өндөр настныдаа цуглардаг. Энэ өдөр солонгосчууд нэг нас нэмлээ хэмээж, уламжлалт тоглоом тоглодог байна. Япончуудтай адил солонгосчууд цагаан сарын баяраа гурван хоног тэмдэглэдэг байна. Мөн солонгосчууд битүүний орой чөтгөрийг хөөж, аз жаргалыг хүлээн авах ёслол хэмээн бэлгэдэн хонх, хөгжим дуугаргаж их чимээ гарган шинийн 1-ний өглөөг угтдаг заншилтай.
СОЛОНГОС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here