Нүүр хуудас Танд тустай Та хэн бэ?

Та хэн бэ?

276
0
ooriigoo-oloh-tuhai
Та хэн бэ?

Хорвоод хүн болж төрчхөөд “би”-гээ мэдэхгүй, мэдрэхгүй насыг барах харамсалтай биш гэж үү? Энэ ертөнцөд оршин байгаа олон мянган хүн, түм буман өнгөнөөс түр ч атугай ялгарч өөрийгөө таньж мэдэх нь таатай биш гэж үү?

Тийм ээ, та яг одоо үзэг цаас аваад дуртай зүйлсээ жагсаан бичээд үз. Өдөр тутмын бухимдалт нийгэм биднийг хийх дургүй зүйлээ л сайтар мэддэгээс бус дуртай зүйлсдээ анхаарахад цаг төдийлөн өгдөггүй. Дуртай зүйлсийн гаргалгаа тань ТА ХЭН БЭ? хэмээх асуултын хариуг олгоно.

Үргэлжлэн орох бороонд би дуртай. Тэр бороо бодолд автуулж, бодлоосоо гаргалгаа олж авах бүүр ч дуртай. Сайхан аянд би дуртай. Тэр нь сэтгэлд хүрсэн бол ахин дахин сонсох бүүр дуртай. Ганцаараа байх би дуртай.

Гэхдээ ганцаараа биш гэдгээ мэдрэх бүүр ч дуртай. Хэдэн цагаар ч дуугүй суух би дуртай. Дурсамжаа сэргээж санах дуртай. Тэр дурсамж нь гэгээлэг бөгөөд сэтгэл сэргээдэгт бүүр ч дуртай.

Сайхан хувцсанд би дуртай. Дэгжин харагдаж бусдын харааг булааж буйгаа мэдрэх бүүр ч дуртай. Гоё гуталд нүд унагах би дуртай. Түүнийгээ авчхаад удахгүй уйддагтаа дуртай. Уйдамхай зан минь шинийг эрэлхийлэх хаалга болдогт бүүр ч дуртай.

Бичих би дуртай. Хэний ч бичээгүйг бичих гэж хаана ч явсан сэтгэлдээ ургуулж явах дуртай. Түүнийгээ буулгачхаад ахин дахин уншиж өөрөөрөө бахархах дуртай. “Сайн бичжээ” хэмээн магтуулж урам авахдаа бүүр ч дуртай. Сайхан энергитэй хүнтэй ярьж суух дуртай. Намайг сонсож чаддаг нэгэнд чадлаараа зөвлөх бүүр ч дуртай.

Өөрийнхөөрөө байх би дуртай. Хэн нэгэнд таалагдах гэж таван ааш гаргах чадваргүйдээ бүүр ч дуртай. Таван аашны ид шидийг хүртэлгүй, дарга даамалд таалагдахгүй байвч өөрийнхөө үнэ цэнийг алдаагүй өөрийн бодолдоо бүүр ч дуртай.

Бусдаас зөвлөгөө нэхэлгүйгээр өөрөө шийдвэр гаргахдаа би дуртай. Тэр шийдвэр нь “бай”-гаа оносон байхад бүүр ч дуртай. Хааяа сахилгагүй зан гаргаж, нулимсаа гартал инээх дуртай. Сайхан инээд саар бодлыг үргээж чаддагт итгэдэг. Бэлэг авах би дуртай. Хэрэглэхэд хэцүү бэлэг байсан ч надад таалагддаг. Үснийхээ засалтад би дуртай. Зохисноо мэдэрч байн байн тольдох бүүр ч дуртай. Өөртөө анхаарал тавих дуртай.

Нөхөртөө магтуулж, эрхлэх би дуртай. Гэхдээ ханийгаа илүүтэй магтаж, эерэг сайхан зан бүрийг нь өөрөө мэдэрч, өөрт нь илэрхийлж, урам өгөх бүүр ч дуртай. Хоёр биедээ хайртай, хол байвал нулимс унаган нэгнээ санаж үгүйлцгээдэг хоёр хөөрхөн хүүдээ ухаангүй хайртай. Нэгнээ үгүйлэн хайрлах сэтгэл нь ах дүүгийн элбэрэлт хүндлэл болон ухаажиж байгааг нь харах бүүр ч дуртай.

Аав ээжийнхээ хайртай охин нь байх би дуртай. Хором бүрт сэтгэл тэмүүлэх, багын дурсамж шингэсэн аавынхаа гэрт эрхэлж жаргах би дуртай. Сайхан аав ээжийн энхрий зөөлөн хайранд хүмүүжиж өссөнөө илэрхийлж, төгс төгөлдөр амьдрах гэж хичээдэгтээ бүүр ч дуртай. Дүү нарынхаа үлгэр жишээ эгч нь байх дуртай.

Хайртай дүү нартайгаа хаа нэг уулзахдаа тэднийгээ шоолон “явуулж” чин сэтгэлээсээ инээлдэх бүүр ч дуртай. Гурван эрэгтэй дүүтэй ч гудайж ганцаардан охин дүү хүсэмжилж байгаагүй шулуун сэтгэлдээ бүүр ч дуртай.

Олон танилтай ч цөөн найзтай байх би дуртай. Тэдгээр найз нартаа үнэнч байх бүүр ч дуртай. Итгэл сэтгэл дааж нийлэхгүй найзтай байх дургүй ааш муутай зандаа дуртай. Түрийвчиндээ мөнгөтэй явах би дуртай. Хүссэн зүйлээ авч сэтгэл ханах бүүр ч дуртай. Сэтгэлийн ханамж авдаг ч илүү шунадаггүйдээ бүүр ч дуртай.

Эцэст нь өөрийнхөө “дуртай”-г бичих маш их дуртай… Та ч бас өөртөө, өөрийнхөө хийх дуртай бүх зүйлдээ дурла.

Тийм ээ энэ бол би…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here