Нүүр хуудас Танд тустай Хотоос холгүй АМРАЛТЫН ГАЗАР хайж байна уу…

Хотоос холгүй АМРАЛТЫН ГАЗАР хайж байна уу…

7460
0
amraltiin gazruud
Хотоос холгүй АМРАЛТЫН ГАЗАР хайж байна уу...
~Хотоос холгүй АМРАЛТЫН ГАЗАР хайж байна уу…~

Улсын их баяр наадмыг тохиолдуулан Амралтын өдрүүдээр хотоос гарч гэр бүл, хайртай хүмүүстэйгээ цэвэр агаарт өнгөрүүлэхээр төлөвлөж байна уу. Тэгвэл дараах мэдээллийг хүргэж байна.

“Тамир” амралт цогцолбор

Улаанбаатараас 56 км, Ар хүүшийн аманд энэхүү цогцолбор байрлаж байна. Нэг дор 60-70 хүн хүлээж авах хүчин чадалтай. Галын наадам хийж, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, ууланд авирах боломжтой.

“Хаан жимс” жуулчны бааз

“Хаан жимс” жуулчны бааз нь Улаанбаатараас зүүн зүгт 55 км зайд, “Чингис хааны хөшөөт цогцолбор”-оос хойш хоёр км зайд, Туул голын хөвөөнд байрладаг. 80 хүний багтаамжтай зочид буудал болон гэр буудалтай. 10 хүний багтаамжтай караоке, жижигхэн кино театртай.

“Цонжин” жуулчны бааз

Улаанбаатараас 55 км, Төв аймаг, Эрдэнэ сум, Чингис хааны хөшөөт цогцолбороос зүүн хойш дөрвөн км Туул голын эрэг дагуу байрладаг. Нэг ээлждээ 40-60 хүн хүлээн авах боломжтой. Чингис хааны хөшөө, Хустайн нуруунд нэг өдрийн аялал хийж, байгалийн сайхан цогцолсон газруудыг үзэж сонирхох боломжтой.

“Монголын нууц товчоо”

“Монголын нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолборын газарзүйн байрлал нь Төв аймгийн Жаргалант сум, уртрагийн 1060, өргөргийн 480-д Улаанбаатар хотоос Дархан орох зам дагуу 114 км зайд байрладаг.

“Монголын нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь 2005 оны 11 сараас үйл ажиллагаагаа эхлэн жилийн дөрвөн улиралд амрагч, аялагчдыг тав тухтай орчинд хүлээн авч, өөрийн үйлчлүүлэгчдэд өвөрмөц дүр төрх бүхий чанартай, цогц үйлчилгээг хүргэх зорилготой аж.

24 ор бүхий люкс, стандарт зэрэглэлийн өрөөтэй зочид буудал. 72 ор бүхий 13-р зууны үеийн цомцог гэртэй юм байна. Нэг ээлжиндээ 120 хүнийг хүлээн авах хүчин чадалтай.

“Чингисийн хүрээ”

Тус амралтын газрын тохижилт нь XIII зууны үеийг санагдуулам “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолбор газар. Чингисийн хүрээ ресторан нь 1991 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын анхны гэр ресторан гэдгээрээ онцлогтой.

“Дүнжингарав”

Зайсан богины ам Соёмботой уулын баруун энгэрт Дүнжингарав амралтын газар цэвэр агаар, цэвэр орчинд байрладаг. Тус амралтын газар 2-5 хүний ортой гэр буудалтай.

“Ойн дурсамж”

“Ойн дурсамж” амралтын газар нь Чингэлтэй дүүргийн19-р хороо Шадивлан зусланд хотоос 10 км-ийн зайд байрладаг. боломжийн тохь тухтай, эргэн тойрон нь ч цэвэр цэмцгэр. Гэр нь гурав, дөрвөн хүний ортой, хувцасны шүүгээ, гэрийн шаахай зэрэг хэрэглээний зарим зүйлсээр хангадаг байна.

“Монголика амралт”

Монголика амралтын газар нь УБ хотоос 24 км зайд байрлана. Хан-Уул дүүргийн 12-р хороо Био комбинатын модон гүүрээр гараад Сонгинын амралтын зүүн хойд талд 500 метрт таван давхар байр бүхий байгууламж. 200 хүртэлх хүний багтаамжтай дөрвөн заалтай, 150-200 хүртэлх хүний багтаамжтай ресторантай юм.

“Найрамдал эх нялхсын амралт”

Найрамдал эх нялхсны амралт нь Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо хороо Найрамдал зуслангийн постны зүүн урд талд, Сонгино хайрхны өвөрт байрладаг. Улаанбаатар хотоос 25 км яваад хүрнэ. 0-2 насны хүүхэдтэй ээжтэйгээ амрах боломжтой. Ногоон булан амралт, Green corner, Тэнгэрийн шонхор ХХК харьяа 40-100 хүн хүлээн авах хүчин чадалтай.

“Сүм” цогцолбор

“Сүм” аялал жуулчлалын цогцолбор нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Туул голоос хоёр км зайд байрладаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн шинэсэн ойн аманд Улаанбаатар хотоос зүүн тийш 56 км засмал зам, есөн км сайжруулсан шороон замаар явж хүрнэ. Энэ баазад саатсанаар Сархинаган тоонотой эртний ламын гэр музейгээр зочилж, галын наадам хийх боломжтой.

“Тэрэлж лож” гэр бааз

Улаанбаатар хотоос 55 км-т Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Онгоцын аманд байрладаг. Гэр буудалд тухалж амралт чөлөөт цагийн гэр, музейгээр зочлох боломжтой. Монгол малчин айлын маягаар тохижуулсан музейд нүүдэлчин айлын амьдралын хэв маягийн талаар бүрэн ойлголт өгөхүйц эдлэл хэрэгслийг байрлуулсан байдаг.

“Санзайн амралт”

Энэхүү амралт нь хотоос 28 км зайд оршдог. Дотроо халууны шугамтай хосын ортой. Нэг дор 70 хүн хүлээн авах чадалтай. Бүжгийн болон хоолны заалтай, массажны өрөөтэй, чөлөөт цагт зориулсан биллъярд, теннис зэрэг таны тав тухыг бүрэн хангахуйц зүйлстэй.

“Хотула жуулчны бааз”

“Хотула” жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 50 км зайд Горхи Тэрэлжийн хөвөөнд байрладаг. Тус жуулчны бааз нь домогт Хотула баатрын нэрээр нэрлэгдсэн юм. Өвөл, зуны аль ч улиралд нэг ээлждээ 60-80 зочин хүлээн авах хүчин чадалтай. Тэмдэглэлт баярын, төрсөн өдөр, хурим найр болон тусгай хүлээн авалт зохион байгуулах, бэсрэг болон галын наадам зохиох, морь , тэмээ болон сарлаг унах боломжтой.

“Хайртхаан” амралт цогцолбор

Улаанбаатараас 45 км Дархан орох замд “Хайртхаан” амралт цогцолбор байрлаж байна. Энэхүү амралт нь нэг дор 70-80 хүн хүлээн авах хүчин чадалтай. Европ зоог, хорхог зэрэг хүссэн хоолоо захиалан хийлгэх боломжтой. Морь унаж, явган аялалд явж болно.

“Согоот амралтын газар”

“Согоот” амралтын газар нь Улаанбаатар хотоос 23 км зайтай. СБД 19-р хороо Хандгайтын богино замд Майхан толгойн замаар баруун тийш эргээд нэг км зам дагуу цэнхэр хаягтай. Өвлийн байшин 50-60 хүн хүлээж авах хүчин чадалтай, өвөл байшин, зун гэр байшингаар үйлчилдэг.

“Чингисийн хүрээ жуулчны бааз”

Хан-Уул дүүргийн наймдугаар хороо Богд уулын Жаргалантын ам, Төв аймгийн замаар яваад, Богд хаан уулын жаргалант аманд, Буянт-Ухаагаас зүүн урагш таван км зайд байрладаг. Улаанбаатар хотоос 23 км явж хүрнэ. Төв оффис: СБД нэгдүгээр хороо Чингисийн талбай урд Санктпетербург төвтэй байна. 120-130 хүн хүлээн авах хүчин чадалтай.

“Гурван булаг амралтын газар”

Гурван булаг амралтын газар нийслэлээс 23 км зайд байрлана. Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачууртаас цаашаа зургаан км яваад Шар хоолойн аманд оршино. Тус амралтын газар нь ороороо 100 хүн, өдрөөр 200-250 хүн зэрэг хүлээн авах чадалтай.

“Интерлайн ХХК”

Тус амралтын газар нь нийслэлээс 22 км зайд оршино. БЗД 11-р хороо Хонхор жуулчны бааз юм. 30-50 хүн хүлээн авах хүчин чадалтай.

“Баянхангай эко кемп”

Баянхангай эко кемп нь Улаанбаатар хотоос 22 км зайд, Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр Хандгайтын зүүн аманд байрладаг. Хараацай зуслангийн хойд талд 2.5 км шороон замаар яваад очно. Тус зуслан 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here