Нүүр хуудас Танд тустай Хүзүүний арьсанд ҮНЭРТЭН түрхэхээс зайлсхий !

Хүзүүний арьсанд ҮНЭРТЭН түрхэхээс зайлсхий !

378
0
хүзүүний арьс
Хүзүүнийхээ арьсанд ҮНЭРТЭН түрхэхээс зайлсхий !
Нүүрэндээ иллэг массаж хийхдээ, арчилж цэвэрлэхдээ, будаж шунхдахдаа ч тэр үргэлж хүзүүний арьсаа орхигдуулдагаас болж эцэс сүүлд нь энэ хэсэгт арьс унжиж амархан үрчлээ үүсэх эхлэл болдог.
Тэгвэл одооноос хүзүүгээ нүүрнийхээ арьс мэт анхааралдаа авч, арчилж тордон өө сэвгүй толигор сайхан хүзүүгээрээ гоёвол яаж байна?

Нарнаас хамгаалж чийг өг

Хүзүүний тань арьс хэзээ ч нүүрнээс тань ялгарч харагдах ёсгүй! Иймээс нүүрэндээ цаг их зарцуулдаг шиг хүзүүндээ ч гэсэн энэ мэт анхаарал тавьж, арчилж торд. Нүүрээ цэвэрлэх, чийгшүүлэгч тосоо түрхэх бүртээ хүзүүгээ марталгүй арчил. Ялангуяа хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай оронд нүүрнээсээ илүү хүзүүнийхээ арьсанд чийгшүүлэгч тос түрхэж байх хэрэгтэй. Энэ нь хүзүүний тань арьс хуурайшихаас сэргийлж чадна. Харин зуны халуун үед хүзүүгээ нарны хурц туяанаас хамгаалахгүй бол амархан арьс унжиж, үрчлээ үүсэхэд хүргэдэг. Иймээс зуны халуун наранд гарахдаа нарнаас хамгаалах тосыг нүүр болон хүзүү, цээжиндээ (наранд ил гарах хэсэгтээ) тогтмол түрхэж, арьсаа хамгаалж байх хэрэгтэй.

Хүзүүний арьсаа гуужуул

Бидний ихэнх нь зөвхөн нүүрнийхээ арьсыг л гуужуулж, харин хүзүүгээ бүрмөсөн мартагнадаг талтай. Тэгвэл одооноос эхлэн хүзүүндээ анхаарлаа хандуулж, энэ хэсгийнхээ арьсны бохирдлыг сайтар цэвэрлэж, үхэжсэн эд эсээ гуужуулан арчил. Арьсаа гуужуулахдаа эхлээд хүзүүгээ багахан норгож чийг өгөн гуужуулагч скрабаа түрхээд алгуур үрж угаана. Ингэж тогтмол хүзүүгээ гуужуулсанаар арьсанд тань шинээр коллаген үүсэх нөхцөл бүрэлдэж, энэ хэсгийн арьс тань илүү эрүүл, толигор харагдах болно.

Дэлгүүрт худалдаагддаг гуужуулагч скрабуудын оронд гэрийн нөхцөлд хийсэн гуужуулагч илүү үр дүнтэй, мөнгөнд ч хэмнэлттэй. Далайн давс нь хамгийн үр дүнтэй гуужуулагч байдаг бөгөөд гэртээ үүнийг ашиглаж болно. Гуужуулагчаа бэлтгэхдээ 2 х/х далайн давсыг 1 х/х нимбэгний шүүс болон нунтаг тюрмериктэй холиод л боллоо.

Өө сэвгүй, толигор арьс

Хүзүү хэсэг нь нүүрний арьстай адил өө сэвгүй, толигор байдаггүй. Байнга энэ хэсэгтээ чийгшүүлэгч түрхээд байх нь арьсыг тань толийлгож, өө сэвгүй, зөөлөн булбарай болгож, үрчлээг тань багасгахад тусална. Дараах зөвлөгөөг долоо хоногтоо нэг удаа хийгээд байх нь арьсаа хамгаалахад тань туслах болно.

1. Бүлээн савантай усаар хүзүүгээ сайтар угаагаад савангаа арилгаад өөрөөр нь хатаана.

2. Чийгшүүлэгч тоникыг хөвөнд шингээж, үүгээрээ хүзүүгээ сайтар арчина.

3. Жижиг нүүр, гарны алчуурыг халуун бүлээн усанд хийн базаж авна. Үүнийгээ хүзүүгээ тойруулан ороогоод 2-3 минут орчим байлгаж арьсаа амраана.

4. Алчуураа аваад шууд тослог ихтэй чийгшүүлэгч тос түрхэнэ.

5. Тосоо түрхээд 20 минут орчим байлгасны дараа илүүдэл тосыг нь хөвөнд шингээн авна.

Батга, тууралттай арьс. Мэдрэмтгий, батгатай, амархан юм туурчихдаг арьстай бол долоо хоногтоо нэг удаа эмчилгээний нүүр угаагч хэрэглэж байх хэрэгтэй.

Хүзүүнийхээ арьсанд үнэртэй ус түрхэхээс зайлсхий. Гайхаж байна уу? Бидний зарим нь үнэртэй усаа биеийнхээ хаа хамаагүй газар цацчихдаг шүү дээ. Тэгвэл хүзүү хэсгийнхээ арьсанд шууд битгий цацаж байгаарай, энэ нь наранд гарсан хойно арьсыг цочроож, улайлгаж, заримдаа бүр тууралт үүсгэх нь ч бий. Иймээс сүрчигээ хувцасныхаа аль нэг буланд, эсвэл бугуй болон тохойны дотор тал, өвдөг болон чихний ар зэрэг газруудад түрхэж байгаарай. Хөвөн бага зэргийг шингээн тус газрууддаа түрхсэн ч болно. Мөн хөхөвчнийхөө дотор талд ч шингээж болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here