Нүүр хуудас Танд тустай Шинэхэн сурагчын сэтгэл зүйг хэрхэн бэлдэх вэ?

Шинэхэн сурагчын сэтгэл зүйг хэрхэн бэлдэх вэ?

309
0
shinehen-suragch
Шинэхэн сурагчын сэтгэл зүйг хэрхэн бэлдэх вэ?

Хичээл эхлэхийн өмнө, ялангуяа шинээр сургууль, цэцэрлэгт орж байгаа ахлах, дунд ангид орж байгаа хүүхдийн хувьд нэгэн чухал анхаарал хандуулах ёстой зүйл байдаг. Энэ бол сэтгэл зүйн бэлтгэл.

Шинэ орчин, шинэ найзууд, шинэ хувцас, шинэ нөхцөл байдал, шинэ багш /асрагч/ зэрэг нь хүүхэд айх, гайхах, стресст орох нөхцөл болдог.

Тиймээс сарын өмнөөс, бүр ядахдаа 14 хоногийн өмнөөс сэтгэл зүйг нь бэлдэх хэрэгтэй байдаг. Энэ талаар мэргэжлийн хүний зөвлөгөөг хүргэж байна.

– Хэрэв хүүхэд ахлах ангид орж байгаа бол ирээдүйн зорилго, мөрөөдөл, хүсэл тэмүүллийн тухай ярилцах, цаашлаад мэргэжлээ зөв сонгох асуудлыг тавьж эхлэх. Тэдэнтэй том хүнтэй адилхан түвшинд харьцаж ярилцах эхний алхмуудыг хий.

Том болж байгаа, гэр бүлийнхээ өмнө, өөрийнхөө өмнө цаашлаад эх орныхоо өмнө хариуцлага хүлээх цаг болсон гэдгийг ойлгуулан ярилцаж эхэл.

– Бага ангиас дунд ангид орж байгаа бол бүр ч илүү анхаарах ёстой. Ганц багшийн гар дээр дассан хүүхдүүд хичээл бүрийг заах өөр өөр багшийн арга барил, ааш занд дасах хэрэгтэй болдог тул энэ тухай сайн ярилцах хэрэгтэй.

Олон янзын ааш зантай хүмүүстэй харилцах, хамтрах арга барилд суралцах анхны алхмуудыг зааж өгөөрэй.

– Сургуульд шинээр орж байгаа бяцхан хүүхдүүдийг шинэ хувцас, шинэ хэрэглэл, шинэ багш, шинэ олон найз нөхөдтэй болно гэдгийг урьдчилан ярилцах, шинэ хувцсыг нь байн байн өмсүүлэх, хэсэг хугацаанд формтой нь байлгах, формтой нь тоглуулах зэргээр дасгах хэрэгтэй.

Мөн гарын жижиг булчинг хөгжүүлэх дасгалууд хийлгэх /зураг зурах, будах, гарт нь жижиг порлон бөмбөг атгуулах, жижигхэн хийтэй бөмбөлөг хагалуулах/ нь хичээлээ бичихдээ ядрахгүй байхад тусалдаг.

~Шинэхэн сурагчын сэтгэл зүйг хэрхэн бэлдэх вэ?~

Мөн анх нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдийн хэт олон дугуйлан дамжаанд хамруулахаас болгоомжлоорой.

Юм сурах нь хөгжилтэй зугаатай байдаг гэдэг талаас нь ойлгуулж, хамтдаа суралцаарай. Гэтэл эсрэгээрээ юм сурах нь аймшигтай, хэцүү дарамт болгон хүүхдээ ядрааж, хашраахаас сэргийлээрэй.

Цэцэрлэгт шинээр орж байгаа хөөрхнүүдэд хамаагүй их шинэ ганган хувцасны хэрэг байхгүй. Хуучин гэртээ өмсдөг хувцастай нь, дуртай тоглоомтой нь, өөрийнх нь дуртай хөнжилтэй нь эхний өдрүүдэд явуулбал шинэ нөхцөл байдал, шинэ хүмүүсээс айх айдсыг багасгана.

Болж өгвөл эхний өдрүүдэд цөөхөн цагаар явуулж, бага багаар дасгавал хүүхдэд тустай. Гэнэт шинэ газар орхиод явчихвал хүүхэд гологдсон мэдрэмж авдаг бөгөөд энэ мэдрэмж цаашид шинэ нөхцөлд дасан зохицох чадварт нь сөргөөр нөлөөлдөг.

Эдгээр нь зөвхөн наад захын ээж, аавуудын анхаарал хандуулах хөнгөхөөн зөвлөгөө юм. Ялангуяа цэцэрлэг сургуульд шинээр орж байгаа хүүхдүүдэд анхаарал халамж цаг тутамд шаарддаг гэдгийг цаг ямагт санах хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here