Өвлийн хүйтэнд залуус маань малгай өмсөхгүй явах нь их болжээ. Толгойноосоо даарсанаас болж цус харвалт нэмэгддэг. Насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хувийг толгой хэсгээрээ алддаг бол бага насны хүүхдүүд биеийн дулааны гуравны хоёр хэсгийг алддаг байна.
Ер нь хүн толгойноосоо даарахад л бүх бие нь жихүүцэн тухгүй болдог. Хүйтэн сэрүүний улиралд толгойгоо дааруулахад судас нарийсч амьсгалын тоо цөөрч, булчингийн хүчдэл ихэсч, бодисын солилцоо өөрчлөгдөн хөлс ялгаралт багасна. Үүний улмаас уураг тархины гадар сааталд орж, цусны даралт буурч амьсгалын үйл ажиллагаа суларч, цусанд чихрийн хэмжээ багасч ирдэг. Даарч хөрснөөс хүний биеийн зах хязгаарын судас нарийсч, түүгээр цусны урсгал саатна. Эрүүл хүний уураг тархинд нэг минутад 750-1000 миллитр цус урсан ирж тэжээлээр хангах ёстой. Гэтэл даарсан үед гүрээний түгээх судас агшиж нарийссанаас болж түүгээр гүйх цусны урсгал удаашран хэмжээ нь багасахад уураг тархины хэвийн үйл ажиллагаа муудна. Ингээд цус харвалт өвчнөөр өвчлөх эрсдэл тун өндөр болдог. Хэдий танд өнөөдөр мэдэгдэхгүй ч хойшид өвчнөөр өвчлөх суурь нь тавигдаж байна гэсэн үг юм.
Сүүлийн үед охид залуучууд маань өвлийн хүйтэнд ч толгой нүцгэн, нимгэн хув цастай явах нь элбэг болсон. Иймд хүүхэд багачууд охид хөвгүүд толгой нүцгэн явахын хор уршигыг эртнээс мэдэж байх нь зүйтэй.
Мөн хүйтний улиралд нүцгэн явснаас нүүр, толгойн ил хэсэг дагз, зулай, чих, хамар, хацар даарч хөрөх юмуу хөлдөж, бүх бие махбодид муугаар нөлөөлнө. Хүйтний энэ мэт сөрөг нөлөөнөөс хүн өөрийгөө хамгаалахын тулд өвлийн цагт малгай өмсөх нь зүгээр нэг ёс төдий буюу дан ганц гоёл чимэг ч биш. Харин өөрийгөө хүйтнээс хамгаалж эрхтэн системийнхээ хэвийн үйл ажиллагааг зохицуулж байгааг ухаарвал зохино. Хүйтний улиралд толгой нүцгэн явахад архаг өвчин сэдэрч болохоос гадна толгой өвдөх, хараа сонсгол муудах, нулимс гарч, нойр муудах зэрэг эмгэг үүсч болно. Иймд хүйтэн сэрүүнд тогтмол малгай өмсөж байх нь чухал ач холбогдолтойг бүү мартаарай. Дулаан явбал мянган лан гэдэг дээ.