Нүүр хуудас Улс төр БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин ХКН-ын 19 дэх Төв хорооны анхдугаар хуралдааны...

БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин ХКН-ын 19 дэх Төв хорооны анхдугаар хуралдааны талаар

272
0
SAMSUNG CSC

Өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин ХКН-ын 19 дэх Төв хорооны анхдугаар хуралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийнхээ эхэнд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тус намын 19 дэх Төв хорооны хурал дээр 18 дахь Төв хорооны нэрийн өмнөөс илтгэл тавьсныг онцлон тэмдэглэв.

Элчин сайд “Ши Жиньпин дарга Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орсныг зарлаж, энэ нь Хятадын хөгжлийн түүхэн шинэ гараа хэмээн мэдэгдсэн. Шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлал дагуу Хятадын ард түмэн бүх талаар чинээлэг нийгэмд шилжиж, энэ зууны дунд үеэр Хятад улсыг баян чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилт, эвсэг зохицонгуй, орчин үеийн, социалист, хүчирхэг орон болгон бүтээн байгуулж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт, Хятадын хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө тууштай хичээн зүтгэнэ” хэмээн онцолсныг хэллээ.

Ши Жиньпин тайландаа “Өнгөрсөн таван жилд ХКН-ын удирдлагаа бүх талаар  эрчимжүүлж, засаглалын иж бүрэн шинэ үзэл баримтлал, шинэ стратеги боловсруулж хэрэгжүүлсэн. Хятад улс өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлж, ардчилсан хуулийн дагуу засаглал, үзэл баримтлал, соёл иргэншил, иргэдийн амьжиргаа, экологийн соёл зэрэг салбарт чухал ахиц дэвшил гаргасан” гэжээ. Мөн дэлхийн тэргүүний армийг байгуулах зэрэг чиглэлийг тодорхойлсон байна. Таван жилийн өмнө ХКН-ын 18 дахь Төв хорооны хуралдаанаас “2021 онд ХКН бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах, 2049 онд социалист орчин үеийн орон байгуулах” зорилт дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин: “Нэгд, 2020-2035 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулсны үндсэн дээр дахин 15 жил зарцуулж, социалист орчин үеийн болгох орон зорилгоо биелүүлнэ. Хоёрт, 2035 оноос энэ зууны дунд үе хүртэл орчин үеийн болгох зорилгоо биелүүлсний үндсэн дээр дахин 15 жил зарцуулж Хятад улсыг хүчирхэг ардчилсан соёл иргэншилт, эвсэг зохицонгуй социалист, орчин үеийн, үзэсгэлэнт сайхан, хүчирхэг орон болгон бүтээн байгуулах болно” гэжээ.

Элчин сайдын хэлснээр, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга илтгэлдээ Хятад улс энэ зууны эцэс хүртэлх зорилтдоо шинэ томьёолол оруулсан байна. Тухайлбал, өмнө нь дэвшүүлж байсан “баян хүчирхэг ардчилсан соёл иргэншилт эвсэг зохицонгуй социалист орчин үеийн орон байгуулна” гэснийг “Баян хүчирхэг, ардчилсан соёл иргэншилт, эвсэг зохицонгуй, үзэсгэлэнт сайхан, орчин үеийн, хүчирхэг орон байгуулна” гэж өөрчилжээ.

Үзэсгэлэнт, хүчирхэг гэдэг хоёр зорилтыг нэмж дэвшүүлсэн нь ХКН экологийн соёл иргэншлийг чухалчилж байгаа болон зорилтоо гүнзгийрүүлж, шинэ шатанд ахиулахыг чармайж буйг харуулж байгаа аж. Хятадын онцлогтой социализмыг байгуулах стратегийн зорилтыг биелүүлэх талаар төлөвлөгөөндөө Ши Жиньпин улс төр, соёл, иргэдийн амьжиргаа, нийгмийн засаглал, экологи, батлан хамгаалах, армийн бүтээн байгуулалт, эх орны нэгдэл, гадаад харилцаа, намын байгуулалт зэрэг агуулга багтаажээ.

Тэрбээр Хятадын гадаад харилцааны бодлогын талаар “ХКН хэзээд хүн төрөлхтөний төлөө ихээхэн хувь нэмэр оруулахыг өөрийн дархан үүргээ болгосон. Хятад улс энх тайван хөгжлийн замыг баримталж, бие даан эзэн мэдсэн, энх тайван гадаад харилцааны бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, бүх дэлхийн түншийн харилцааг идэвхтэй хөгжүүлж, олон орны ашиг сонирхлын давхцал цэгийг өргөтгөн, гадаадад нээлттэй байх үндсэн бодлогыг баримталж, үүд хаалгаа нээж, бүтээн байгуулалт өрнүүлж, “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааг идэвхитэй ахиулж, хамт зөвшилцөн, хамт байгуулж, хамт хуваалцсан бүх дэлхийн засаглалын үзлийг үүрд баримтална” гэжээ. Элчин сайд Жин Хаймин мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тэрбээр “Хятадын коммунист нам бол эрх баригч нам мөн. Нийт 89 сая гишүүнтэй, 4,4 сая зохион байгуулалтын нэгжтэй. Монгол Улсын хүн ам 3 сая хүрч байна гэж бодоход 30 дахин илүү том бүрэлдэхүүнтэй. Бид 1,3 тэрбум хүн амтай том гүрэн шүү дээ” гэв.

 

Ши Жиньпин удирдагчийн талаар: Элчин сайд, өнгөрсөн он жилүүдэд хийж гүйцэтгэж чадаагүй ажлуудыг ажил хэрэг болгож чадсан удирдагчаараа бахархаж буйгаа илэрхийллээ. “Өнгөрсөн 18 дахь Төв хорооны хурлаас хойш Ши Жиньпин дарга өнгөрсөнд хийж гүйцэтгэж чадаагүй олон ажлыг хийж чадсан. Дотоод, гадаадын асуудал, цэрэг арми, улс намаа засах зэрэг асуудалд бодит ач холбогдолтой, холын ирээдүйд нөлөөлөхүйц их амжилтууд гаргасан юм. Энэ бүхнийг үндэслэн түүнийг өндөр түвшний удирдлага болгон сонгосон болно. Яагаад гэвэл Хятадын бүх ард иргэд Ши Жиньпин даргыг дэмжиж байгаа. Бид Ши Жиньпин даргын удирдлага дор цааш явахдаа маш их сэтгэл ханамжтай байгаа гэлээ.

Сайн хөршийн асуудлаар: Хятад Монгол хоёр улс нь уул усаараа холбогдсон хөршүүд. Хоёр улсын хилийн шугамын урт 4710 км. Бид сайн хөрш, сайн түнш, сайн найз байх хэрэгтэй. Хоёр орны хоорондын харилцаа сайн хөгжих нь хоёр улсын ард иргэдэд ч сайнаар нөлөөлнө. Хэрвээ хоёр улсын харилцаанд ямар нэгэн асуудал гарвал хамгийн түрүүнд хоёр орны ард иргэд хохирол амсана. Хятад Монголын харилцааг Ши Жиньпин дарга өндрөөр үнэлдэг. 2014 онд Ши Жиньпин дарга Монголд айлчилсан нь маш онцгой үйл явдал болсон. Яагаад гэвэл анх удаа цорын ганц улсад ганцаарчилсан төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалын хүрээнд Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгож хөгжүүлсэн. Энэхүү айлчлалын үр дүнд хоёр орны улс төр, эдийн засаг гээд маш олон хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Эдгээрээр дамжиж хоёр орны ард иргэдэд бодит ашиг авчирсан байна. Жишээлбэл, тэр үеэс хойш маш олон төсөл хэрэгжиж эхэлсэн. Маш олон монгол оютан Хятадад очиж сурсан байна.

Стратегийн түншлэлийн асуудлаар: Ши Жиньпин дарга “Олон улсын байдал, бүс нутгийн байдал хэрхэн хувирч өөрчлөгдөхөөс үл хамаарч Хятад улс Монголын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хүндэтгэнэ. Мөн Монголын ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Энэ нь Хятад улсын урт хугацаанд хэрэгжүүлэх төрийн бодлого болно” гэж хэлсэн. Олон Улсын харилцаа хувирч өөрчлөгдсөн ч Хятад, Монгол хоёр улс нь хоорондын харилцааны чиг бодлогыг баримталж, иж бүрэн стратегийн түншлэлийн зохицлыг илүү бодож, нөгөө талынхаа аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг язгуур эрх ашгийг чухалчлан үзэж, ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын дагуу үүсч байгаа асуудлуудыг шийдвэрлэнэ гэж үзэж байна.

Хятадын талаас Монголтой найрсаг хөрш, тайван хөрш, чинээлэг хөрш гэсэн төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. 2035-2050 он гэхэд Хятад улс орчин үеийн социализмын бүх талаар төгс төгөлдөр улс болно. Тиймээс Монголын талд “Хурдны галт тэрэг”-нд амжиж суугаарай гэж хэлэхийг хүсч байна.

Нийгэм, эдийн засгийн харилцааны асуудлаар: Хоёр орны эдийн засаг, бусад салбарын хамтын ажиллагаа үр өгөөжтэй байна. Гэхдээ энэ дунд зарим асуудал тохиолддог юм. Монголын шинэ Засгийн газар бүрдсэний дараа би Ерөнхий сайд, Гадаад харилцаа, Зам тээвэр, хот байгуулалтын яам, Сангийн сайд нартай уулзсан. Мөн шинээр томилогдож буй бүх сайдтай уулзах юм. Тэр уулзалтуудаар хоёр орны эдийн засгийн болон шинжлэх ухааны чиглэлийн ажлуудыг урагшлуулахаар зорьж байна. Хоёр орны хамтын ажиллагааг урагшлуулахын тулд бодит төслүүд хэрэгжүүлэх юм. Тэдгээр төслийг хэрэгжүүлэхийн тулд “Нэг бүс нэг зам” стратегийн Монголын талын санаачилсан хөгжлийн замын уялдаа холбоог сайжруулна гэсэн нэгдсэн саналд хүрээд байгаа. Соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн чиглэлд бодит ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Түүний үр дүнд хоёр орны ард иргэдийн сэтгэл санаа, хоорондын зайг ойртуулж чадна гэж үзэж байна. Хятад Монголын харилцаа цаашид улам хөгжинө гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа. Түүгээр дамжуулан хөрш орон буюу том гүрэн, жижиг орон хоорондын харилцааны жишиг болгон хөгжүүлье гэж чармайж ажиллаж байна.

2021 онд Хятад Монголын гадаад худалдааны өртгийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Мөн ирэх оны тавдугаар сард Шанхайд экспорт импортын экспо зохион байгуулах гэж байгаа. Түүнд Монголын аж ахуйн нэгжүүдийг оролцохыг урьж байна. Эдгээр арга хэмжээгээр дамжуулан Монголын экспортыг нэмэгдүүлнэ гэж итгэж байна.

Солонгосын хойгийн асуудлаар: Би Монгол Улсад суугаа Элчин сайд учраас Хятад болон Хойд Солонгосын харилцааны асуудлаар юм яримааргүй байна. Миний ярих зүйл биш гэж бодож байна. Гэхдээ товчхон мэдээлэл өгье. Хятад улс болон Умард Солонгос 1300 гаруй км урт хилийн шугамаар холбогдож байгаа. Найрсаг харилцааны сайхан уламжлалтай. Мөн урт удаан хугацааны турш Хятад, Умард Солонгос нь гадаад харилцаагаа хөгжүүлж байна. Гэхдээ манай улс Умард Солонгосын цөмийн зэвсэг ашиглах асуудлыг дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлж байна. Энэ нь хөрш орнууд болон дэлхийн аюулгүй байдалд заналхийлж буй үйлдэл юм. НҮБ-аас авсан хориг арга хэмжээг бид дэмжинэ. Гэхдээ дайн дажны аргаар асуудлыг шийдвэрлэхийг эсэргүүцэж байгаа. Ирэх таван жилд Хятад улс Умард Солонгостой найрсаг харилцаагаа үргэлжлүүлнэ. Манай Хятадын байр суурь хувирахгүй.

Хөрөнгө оруулалтын талаар: Монголын тал Хятадын язгуур эрх ашгийг заавал хүндэтгэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Хятадын засгийн газраас Монголд хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажилладаг. Гэхдээ хууль ёсны дагуу ажиллаж, тухайн газрын хөгжилд хувь нэмрээ оруулахыг шаарддаг. Хятадаас Монголд ирж ажиллаж буй хөрөнгө оруулагчид маань Монголын иргэдийг маш олон ажлын байраар хангасан. Их хэмжээний татварын орлого оруулсан. Энэ нь Монголын эдийн засгийн хөгжил болон амьжиргааг дээшлүүлэхэд маш чухал хүчин зүйл болж чадсан байна. Монголын Засгийн газар Хятадын хөрөнгө оруулагчдыг маш баяртайгаар хүлээж авч байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах арга авч хэрэгжүүлж багаа. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах комиссыг үүсгэн байгуулсан байна. Түүнийг манай Хятадын талаас маш нааштайгаар хүлээн авч байна. Хоёр талын хамтын ажиллагаанд маш олон асуудал гарч мэднэ. Гэхдээ эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг гуйвуулж, зөрчил өдөөх юм уу, энгийн үйл ажиллагаа явуулахад саад болох зэрэг давхар санаатай арга авч хэрэгжүүлэхийг бид зөвшөөрөхгүй. Ийм замаар эдгээр компаниудыг дампууруулвал Монголын Засгийн газрын татварын орлогод шууд нөлөөлнө, мөн тухайн газрын ажлын байрыг ч бууруулна. Энэ нь Монголын талын эрх ашигт шууд нөхөж болшгүй гарз хохирол учруулах юм.

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын компаниудын талаар зөв сурталчилгаа хийгээрэй гэж бодож байна. Ингэснээр хоёр орны ард иргэдийн харилцааг улам сайжруулж чадах юм. Ерөнхийдөө Хятад улс хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа.

Уул уурхайн салбарт хамтран ажиллах бодлогын талаар: Манай Хятад улс уул уурхай, дэд бүтэц, банк санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан хөгжүүлнэ гэсэн нэгдмэл саналд хүрсэн байгаа. Түүний дотроос уул уурхайг маш идэвхитэй хөгжүүлэх байр суурьтай байна. Одоо манай Хятад улс үйлдвэрлэлийн хэрэгцээ хангалтын бүтцийн талаар өөрчлөлт оруулж байгаа. Үйлдвэрлэлийн хэт илүүдлийг бууруулах бодлого хэрэгжүүлж байна. Энэ дотор голдуу төмрийн хүдэр, нүүрс гэсэн хоёр уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлийг бууруулах зорилт тавьж ажиллаж байна. Гэхдээ манай Хятад улс Монголоос уул уурхайн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортлож байгаа. Энэ импортоор дамжуулан Монголд тусалъя гэсэн зорилго байгаа юм. Манай Хятад дотооддоо нүүрс, төмрийн хүдрийн маш олон үйлдвэрийг хаасан байгаа. Энэ нь үйлдвэрлэлийн хэт илүүдлийг бууруулах бодлоготой холбоотой юм.

Ажиллах хүчний асуудлаар: Монгол Улсын хуулиар гадаадын ажиллах хүч бүх хүн амын нэг хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Хятадаас Монголд ажиллаж буй хөдөлмөрийн хүчний тоо 30 мянгаас хэтэрдэггүй. Уур амьсгалын нөхцөл байдалтай холбоотойгоор Монголд хагас жилийн хугацаанд Хятадын ажиллах хүчин ажилладаг. Зуны цагт 24 мянган хүн ажилладаг бол өвлийн улиралд бараг байхгүй гэж хэлж болно. Дээрх тоонд Хятадаас Монголд сурч буй оюутнууд багтана. Мөн аялал жуулчлалын шугамаар ирж буй хүмүүсийн тоо багтдаг юм.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here