Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзлаа. Куба улсын Элчин сайд Раул Дэлгадо Консэпсион уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Раул Кастрогийн мэдчилгээг уламжилж, Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэсэн захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулав.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хооронд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, спортын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж тодорхой ажлууд эхлүүлсэн талаар Элчин сайд уулзалтын эхэнд танилцууллаа. Тус улсаас Монгол Улсад элэгний үрэвслийн болон чихрийн шижин өвчний эсрэг эм нийлүүлэхээр ажил эхэлсэн, үлийн цагаан оготно устгах, хоёр улсын биеийн тамир спортын байгууллагуудын хамтын ажиллагаа, Куба Улсын тамирчид 2020 оны олимпийн бэлтгэлийнхээ зарим хэсгийг Монгол Улсад ирж хийх саналтай байгаа зэргийг тэрбээр дурдав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Куба Улсын нарийн мэргэжлийн эмч нар гадаад улс орнуудад ажиллах боломжтой болсон талаар сонссоноо дурдаад Монгол Улсад амны хөндийн эрүүл мэндийн асуудал ихээхэн тулгамдаж байгааг шийдвэрлэхэд тус улстай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.
Учир нь, Куба Улсын эрүүл мэндийн салбарынхан энэ чиглэлээр ихээхэн мэргэшсэн туршлагатай юм. Монгол Улс, Куба Улс хооронд 1960 онд дипломат харилцаа тогтоосон. Куба нь Америк тивийн улс орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс юм. Цаашид хоёр орны харилцааг өргөжүүлэх, үр дүнтэй хамтран ажиллах тухайд уулзалтын үеэр талууд санал солилцлоо.