Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” мэдээлэл хийсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэлдээ Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь аливаа улс орон бүрийн эн тэргүүнд, байнгын анхаарлын төвд байлгадаг, улс орны болон хүн амын эрүүл, аюулгүй байдалтай холбоотой нэн чухал асуудал билээ. Эрүүл Монгол хүнийг хөгжүүлэхэд эрүүл хүнсээр хангах, эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх явдал нэн чухал гэж Засгийн газар үзэж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлаар Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Малын эрүүл мэндийн тухай, Тариалангийн тухай, Ургамал хамгааллын тухай, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Мэргэжлийн хяналт шалгалтын тухай хууль, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого болон холбогдох бусад хууль, тогтоомжийг дагаж мөрдөн ажиллаж байгааг дурдлаа.
УИХ-аас батлан гаргасан дээрх хууль, тогтоомжуудын хүрээнд Монгол Улсын Засгийн газар түүхий эд бэлтгэл, хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, хэрэглээний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлсээр иржээ. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийн түвшинг 2016 оны эхний 11 сарын статистик мэдээнд тулгуурлан тооцон үзэхэд мах, махан бүтээгдэхүүн, гурил, шингэн сүү, төмсний хангамжийн түвшин 100-аас дээш хувьтай, хүнсний ногооны хангамж 84 хувьтай, будаа, өндөг, жимс жимсгэний хувьд 23-45 хувьтай байна. 2016 оны урьдчилсан дүнгээр дотоодын бэлтгэн нийлүүлэгчид, хүнсний үйлдвэрүүд 398.1 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, 474.2 мянган тонн шингэн сүү, 118.7 мянган тонн сүүн бүтээгдэхүүн, 60.0 мянган тонн гурил, 55.1 мянган тоннн гурилан бүтээгдэхүүн, 163.8 мянган тоннн төмс, 72,3 мянган тонн хүнсний ногоо үйлдвэрлэжээ. Хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг өмнөх онтой харьцуулахад мах махан бүтээгдэхүүн 4.5, гурилан бүтээгдэхүүн 7, төмс 1,4, жимс, жимсгэнэ 42 хувиар тус тус нэмэгдсэнийг Засгийн газрын тэргүүн онцлов.
Мөн 2016 оны байдлаар хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, импортын хамаарлын түвшинг тооцож үзвэл саахар, чихрийн зүйл 100 хувь, жимс, жимсгэний 94,5 хувь, хүнсний тосны 92,3 хувь нь импортоос хамааралтай байна. 2015 онд байгаль цаг уурын гэнэтийн үзэгдлийн улмаас ургац алдсанаас буудайны 69, хүнсний ногооны 52, төмсний 20 хувийг импортоор хангажээ. Харин 2016 оны ургацын балансаар авч үзвэл төмс, хүнсний ногоо, гурилыг дотооддоосоо бүрэн хангах боломжтой байна. Хүнсний хангамжийн шалгуур үзүүлэлтийн дагуу 2016 оны байдлаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний 78 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна гэж байлаа.
Түүнчлэн 2017 онд нийт 11,6 сая толгой мал буюу 290 орчим мянган тонн махыг бэлтгэх боломжтой байгаа аж. Хүн амын хүнсний хэрэгцээнээс илүү гарсан 107 мянган тонн махыг экспортлох боломжтой, мөн 6,1 сая толгой малын махыг бэлтгэн гадаад зах зээлд экспортлох нөөц байгаа юм байна. Үндэсний Статистикийн хорооны даргын тушаалаар баталсан “Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлал”-ын дагуу нэг хүний жилийн хэрэгцээт сүү 55 кг, сүүн бүтээгдэхүүн 73 кг гэж тооцож үзэхэд 2017 онд дунджаар 130,0 мянган тонн сүү, 180,0 мянган тонн сүүн бүтээгдэхүүн шаардагдахаар байна. Сүүн бүтээгдэхүүний хувьд хангамжийн түвшин сүүлийн таван жилийн дунджаар 72 хувьтай байгаа нь хүн амын сүүн бүтээгдэхүүний хоногийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа аж. Сүү, сүүн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ жилээс жилд дунджаар 12 хувиар нэмэгдэж, өвөл хаврын улиралд хот суурин газрын хүн амын 90 хүртэл хувь нь үйлдвэрийн аргаар боловсруулсан хуурай сүүг хэрэглэж байна. Иймээс 2017 оны хүн амын сүүний хэрэгцээнд 4,4 мянган тонн хуурай сүүг импортлох шаардлагатай гэсэн тооцоо гарээ. Харин 2016 оны ургацын урьдчилсан балансаар нийтдээ 482.1 мянган тонн буудай хураан авсан нь ирэх намрын ургац хүртэл гурилын үйлдвэрлэл болон хүн амын гурилын хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломжтой гэж Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан юм.
Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчин нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэм, журам, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, салбарын харилцааг зохицуулж буй эрх зүйн актаас бүрдэж байна.
Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажиллаж байна. Үүнд:
- Хүнсний болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Органик хүнсний тухай хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор бүртгэл мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, ашиглах;
- Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах;
- Баяжуулсан хүнсний тухай, Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барих;
- Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
- Хүн амын мах, сүүний хэрэгцээг эрүүл хүнсээр, бүхий л улиралд тогтвортой хангах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах;
- Хүнсний боловсруулах үйлдвэрт эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэвшүүлэх, холбогдох зааврыг батлуулах;
- Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг дэмжих;
- Хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх хэрэглэгчдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх арга хэмжээ авах;
- Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг технологийн дагуу хадгалах, тээвэрлэх, зориулалтын агуулах, байр, тээврийн хэрэгсэлтэй болгох асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг болно.
Хүнсний хангамж, хүрэлцээ, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал Засгийн газрын байнгын анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд цаашид ч энэ асуудалд Засгийн газар улам их анхаарал тавьж, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангах, эрүүл, аюулгүй хүнсээр хүн амын хэрэгцээг хангахыг зорьж ажиллах болно гэдгээ Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ-дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэнд, спортын сайд А.Цогцэцэг нар оролцов. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар асуулт асуусан юм. УИХ-ын гишүүдийн хувьд махны экспортыг хэрхэн нэмэгдүүлэх, малыг эрүүлжүүлэхэд хэрхэн анхаарч байгаа талаар болон малын гаралтай бүтээгдэхүүний импортыг бууруулахад ямархуу арга хэмжээ авч байгааг тодруулж байлаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Малын гаралтай түүхий эдийн борлуулалт малыг эрүүлжүүлэх асуудалтай шууд холбоотой байна. Засгийн газар байгуулагдаад ажил авч байхад малын халдварт өвчин хэд хэдэн голомттой, зарим газар хорио цээрийн хяналтаа алдсан байдалтай байсан. Засгийн газрын нөөцөд үлдсэн хөрөнгийг малыг эрүүлжүүлэх асуудалд зарцуулсан. Юуны өмнө ОХУ-ын Засгийн газартай ярилцан цэцэг өвчний вакциныг гурав дахин хямд өртгөөр авах гэрээ хэлэлцээр хийж, эхний ээлжийн вакциныг оруулж ирүүлсэн. Түүнчлэн малыг эрүүлжүүлэхдээ мал эмнэлгийн тогтолцоог зайлшгүй өөрчлөх шаардлага байгаа юм. Хоёр хөрштэйгөө махны экспортын чиглэлээр яриа хэлэлцээр хийгээд хамтарч ажиллахаар болсон. Харин 60 гаруй сая малтай хэрнээ импортын сүү хэрэглэж байгаа асуудлыг судалж үзээд хуурай сүүний жижиг үйлдвэрийг аймаг, сумдуудад байгуулахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд сүүний машин ажиллуулах мэргэжилтнүүдээ сургаж бэлтгээд эхэлсэн хэмээн хариулж байлаа.