Нүүр хуудас Улс төр ЖДҮХС-гийн зээлийг анх төсөл нь тэнцсэн эздэд нь олгоё гэв

ЖДҮХС-гийн зээлийг анх төсөл нь тэнцсэн эздэд нь олгоё гэв

91
0
huulichid-medeelel-hiilee
ЖДҮХС-гийн зээлийг анх төсөл нь тэнцсэн эздэд нь олгоё гэв

Хэсэг хуульч нэгдэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авсан зарим компанитай холбогдох тушаалыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр хуульч Ж.Эрхэмбаатар,

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий компанид олгосон зээлийн маргааны хүрээнд өрнөж буй асуудалд хуульчид ямар байр суурь баримталж, арга хэмжээ авч байгаа талаараа мэдээлэл өгье.

Хуульчид бид нэгдэн олон нийтийн эрх ашгийн төлөө хэд хэдэн ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Тухайлбал, Захиргааны хэргийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын үр дагаврыг олон нийтэд таниулах, Үндсэн хуулийн цэцэд томилогдсон гишүүд шаардлага хангахгүй байгаа талаар олон нийтэд хандаж стратегийн өмгөөлөл гүйцэтгэсэн. Үүнээс гадна бид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн хүрээнд хохирсон иргэд, аж ахуйн нэгжийн эрхийг хэрхэн хамгаалах тал дээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид хэд хэдэн үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны болон Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд хандсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ЖҮДХС-тай холбоотой гурван тушаал гарснаар өнөөдрийн өрнөж буй ЖДҮ-ийн асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл нийтийн эрх ашгийн хөрөнгө мөнгийг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр бид Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

Өөр нэг үндэслэл нь ЖДҮХС-аас зээл олгохдоо Төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай журам баталсан байдаг. Энэхүү журамд хоёр өөрчлөлт оруулснаар өмнө зээлийн төсөл нь тэнцсэн иргэд, аж ахуйн нэгж энэ сангаас санхүүжилт авах боломж хаагдаж, одоогийн маргаан дагуулаад буй нэр бүхий 134 аж ахуйн нэгжийн шинэ төслүүд зээл авах үүд хаалга нээгдсэн. Энэ актыг бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгсөн” гэв.

Хуульч, өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир

“ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А/88 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар санхүүжүүлэх төслийн жагсаалтыг баталсан. Уг жагсаалтаар төрийн өндөр албан тушаалтан буюу Нийтийн албан болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д багтсан албан тушаалтнууд ЖДҮХС-аас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх үүссэн.

Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хуулийн хэрэгжилт хангагдаж, нийтийн өмчид хууль бусаар халдсан үйлдлийг шүүхээр тогтоолгох, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл бий. Мөн хууль бус шийдвэрийн үндсэн дээр олгогдсон зээлийг буцаан төлүүлэх, улмаар төсөл нь тэнцсэн боловч зээлийн санхүүжилтийг хүлээж байсан ЖДҮ эрхлэгчдэд бодит зээл олгогдох эрх зүйн үр дагавар үүснэ” гэсэн юм.

Хуульч Б.Мэргэн,

“Бид өмнө ЖДҮХС-тай холбоотой асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэж болох талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Гэхдээ энэ асуудлыг зөвхөн яриад өнгөрөх бус хуульчид зохион байгуулалтад орж, ажил үүргээ хуваарилаад хэрэгжүүлээд явж байна. Энэ хүрээнд зарим хуульч дээрх үйлдлийг УИХ-ын гишүүд Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандсан. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хуулиа дээдлэх. Бүх л төрийн байгууллагын үйл ажиллагаа Үндсэн хуулийн хүрээнд явах ёстой. Иргэд шударгаар хөдөлмөрлөж өмч хөрөнгө олж авах эзэмших эрхтэй. Гэтэл энэ эрхийг нь зөрчсөн зэрэг Үндсэн хуулийн долоон заалтыг зөрчсөн байна хэмээн ҮХЦ-д хандсан боловч маргаан үүсгэхгүй гэсэн хариу ирсэн. Тодруулбал, ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд эрүүгийн хэрэг үүссэн. Эрүүгийн хэрэг үүссэн хэрэгт Үндсэн хуулийн маргаан үүсгэх энэ удаад боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэхдээ УИХ-ын гишүүдийн дээрх үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзвэл бид ҮХЦ-д хандан маргаан үүсгэх боломж байгаа” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here