ЖДҮ-ИЙН г эзэндээ хүрсэн гуравхан зээл байсан
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн тухай “Асуудал ба шийдэл” хэлэлцүүлгийг АТГ-аас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сангийн яам, ХХААХҮ-ийн яамны албаны хүмүүс оролцож ЖДҮ хөгжүүлэх гарцын талаар саналаа хэлэлцсэн юм.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр,
“Эртнээс энэ талаар анхаарсан бол одоогийн энэ ЖДҮ-ийн санг тойрсон хууль бус үйлдлүүд гарахгүй байх магадлалтай байсан. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл олголтыг шударга болгох УИХ-аар өргөн баригдсан ЖДҮ-ийг хөгжүүлэх хуульд ЖДҮ-ийг бичил, жижиг, дунд гэж ангилж байгаа.
Бичил нь 500 сая төгрөгийг ЖДҮ хөгжүүлэх сангаас, 500 саяас дээш бол банкаар дамжуулан олгоно гэж байгаа. Үүнийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо дэмжиж байгаа. Гэхдээ арилжааны банкнуудаар дамжуулахаар арилжааны банкууд ЖДҮ эрхлэгчдийг чирэгдүүлдэг.
Энэ талаар төрийн аудитын газрын шалгалтын гүйцэтгэлийн тайлан дээр тусгаад өгсөн байдаг. 2009 онд 800 гаруй төслийг шалгуур үзүүлэлтийг хангаж байна гээд арилжааны банк руу явуулахад 70 хувийг нь буцаагаад явуулчихдаг. 2010 онд мөн л 800 гаруй төсөл ЖДҮ-ийн санд дэмжигдээд тэнцлээ гэхээр дахиад арилжааны банкууд 70, 80 хувийг нь буцаачихдаг. Энэ нь арилжааны банкууд эрсдэлээ 100 хувь өөрсдөө хариуцдагтай холбоотой байх.
Нөгөө талаасаа бас зориуд ББСБ-г дэмжих бодлого байна уу гэж хардаж байгаа. Ард иргэдийг олон дахин явуулж болохгүй байна гэсэн мөртлөө ББСБ-аас зээл хүсч төсөл өгөхөд өндөр үнэтэй зээл олгодог. Тухайн жилд олгох санхүүжилтийн 30 хувийг бичил, 30 хувийг жижиг, 40 хувийг дунд үйлдвэрт олгохгүй бол төсөл банкаар очлоо гэхэд бичил болон жижиг үйлдвэрлэл эрхлэгчид зээл авах магадлал бага. Яагаад гэвэл тэд стандартын дагуу бичиг баримт бүрдүүлж чадахгүй байна. мөн барьцаа хөрөнгөгүй байдаг.
Энэ жил улсын төсвөөс 70 тэрбум төгрөг төсөвлөж 2018 оны тавдугаар сарын 18-ны өдрийн сайдын тушаалаар 134 ААН-д 74.1 тэрбум төгрөгийг, наймдугаар сарын 24-ны өдрийн тушаалаар 82 ААН-д 21,4 тэрбум төгрөг нийт 95.5 тэрбум төгрөгийг 216 нэгжид олгосон байгаа. Зээлийн эргэн төлөлт ч орж ирсээр байгаа. Үүнд “Баялаг бүтээгчдийн холбоо”-ноос нэлээд судалгаа хийгдсэн.
Тэгэхэд жинхэнэ ЖДҮ эрхлэгчид, баялаг бүтээгчид зээл авсан уу гэдэг үнэхээр эргэлзээтэй. Яг эзэндээ хүрсэн гуравхан зээл байсан. Тэгэхдээ энэ гурав нь өөрийнхөө хүссэн хэмжээнд зээл авч чадаагүй байсан.
400 саяын хүсэхэд 200 саяыг авдаг, 600 саяыг нэхсэн нь 181 саяыг олгосон тохиолдол байсан. 134 ААН-ын 122 нь засгийн газрын гишүүн болон харилцан хамаарал бүхий байгууллагууд байсан гэдэг нь үнэхээр батлагдаж байна” гэв.