УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бардам, Н.Учрал пээдгэр, Я.Содбаатар гүргэр явна. Нэг нь зээлээ төлчихлөө гэж бардамнана, нөгөөх нь төлчихье гэж тунирхах, гурав дахь сайдын суудалдаа таг шигдээстэй. Гишүүн Н.Оюундарь “Нэр дэвшүүлэх эрх хасах гээд байгаа юм бол төлчье” л гэнэ,
“Капитал” банкны эзэн, гишүүн Б.Ундармаа буцааж төлөх ёстой ЖДҮ-ийн зээлээ иргэдийн гар дээр “эргэлдүүлсэн” гэх хардлагынхаа цаанаас цухуйхгүйгээр сураггүй алга болжээ.
А.Сүхбат болохоор “Та нар өөрсдөө л энэ мөнгөнөөс ав, ав гэж авахуулчихаад, одоо буцааж төл гээд байх юм” хэмээн бүлэг дээрээ бухимдсан сурагтай.
Хэвлэлд, нийгмийн сүлжээнд бичиж буйгаар эдгээр гишүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах кноп дарж, ЖДҮ-гийн зээл авах болзлоо хангасан бол, МАН-ын дарга, Ерөнхий сайд Ч.Хүрэлсүхийн “ЖДҮ-гийн зээлээ буцааж төлөхгүй бол 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэх мэдэгдлээс нь болж буцаан төлж байгаа бололтой.
Өөрөөр хэлбэл, тэд уучлал гуйхын тулд зээлээ төлөөгүй, харин 2020 онд нэр дэвших эрхээ авахын тулд бонуст нь зээлээ буцаан төлж, боломж гарвал “уучлаарай” гэж нэмэлт тайлбар хэлэх.
~Нэр дэвшихийг У.Хүрэлсүх мэдэх ч, сонгох үгүйг ард түмэн шийднэ~
Дахиад л шагнал. Засаг огцруулах кноп дараад л нэг тэрбумыг хулгайлах эрх. Хулгай нь баригдвал буцааж төлөөд л 2020 онд нэр дэвших эрх. УИХ-ын гишүүн гэж “Амьтны ферм” дотроо ийм л давуу эрхтэй “гахай” ажээ.
Гэхдээ пээдгэр, бардам, гүргэр, мөнгөтэй гишүүд нэг юмыг ойлгохгүй байна. Намын даргын хувьд У.Хүрэлсүх нэр дэвшүүлэх эрх өгөх ч, УИХ-д сонгох үгүйг ард түмэн шийднэ.
Ард түмэн уучлахгүй ээ. Тэр тусмаа дургүй ламд дарж байж сахил хүртээнэ гэдэг шиг, 2020 онд нэр дэвших эрхээр нь айлгаж, хүчээр хэлүүлсэн уучлалыг бол бүр хүлээж авахгүй. Тэдний мууг л заавал үзэх гээд байгаа юм энд байхгүй. Нийгмийн шударга ёс, хуулийн өмнө адил тэнцүү эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмаа л нэхэж байна.
УИХ-ын гишүүн хулгай хийгээд баригдвал уучлалт гуйгаад л сонгуульд нэр дэвших эрхээр шагнуулдаг, энгийн иргэний хулгай баригдвал шоронд ордог байж болох юм уу гэдэг шударга ёсыг тогтоох тангарагтай томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх, шударга имижтэй Ц.Нямдорж сайдаас асууя.
Тэд тайлбарлаж эс чадвал одоо шоронд хулгайн хэргээр ял эдэлж байгаа хоригдлуудаа уучлалт гуйлгаад суллая, мөн нийтийн албан тушаалтан албан тушаалын байдал, бүрэн эрхээ ашиглаж өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон бол эрүүгийн гэмт хэрэгт тооцно гэсэн хуулийн заалтаа хүчингүй болгоё.
Дашрамд дурдахад, ЖДҮХС-аас 134 аж ахуйн нэгжид зээл олгосон бөгөөд үүний 122 нь төрийн өндөр албан тушаалтан болон Засгийн газар, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд юм байна.
эх сурвалж: itoim.mn